
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.10.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэлж, Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулжээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өөрөө хүсэлтээ гаргасантай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг асуулт асуух, үг хэлэхгүйгээр явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 79.3 хувь нь дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлаар ил санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар хүлээж авах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн гаргасан саналын дагуу энэ асуудлыг хэлэлцэх үед нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж удирдсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Түвшин, Д.Жаргалсайхан, Д.Ганбат, Ч.Ундрам, Л.Соронзонболд, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, Г.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, А.Ариунзаяа, Л.Мөнхбаясгалан, Б.Бейсен, Д.Үүрийнтуяа, Ж.Баярмаа нар асуулт асууж, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангаас хариулт авав. Дараа нь санал хураалт явуулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэснийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 114 гишүүний 102 нь буюу 89.5 хувийн саналаар дэмжсэн. Иймд Улсын Их Хурлын холбогдох тогтоол батлагдсанд тооцож, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж эцсийн найруулгыг танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.2.1 дэх заалт, 12.3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.4.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхөөр, Монгол Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Монгол Улсын Их Хурлын даргын албан үүргийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хэрэгжүүлж байхаар, тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө | ||
Үзсэн: 127 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.