Шууд Chart

БНСУ хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй гадаадын иргэдийг албадан нутаг буцаахгүй

2025-10-17 10:40:02

БНСУ-ын Хууль зүйн яам хууль бусаар оршин суугаа боловч цалин хөлсөө авч чадаагүй гадаадын иргэдийг албадан нутаг буцаах арга хэмжээг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ.

Энэ хүрээнд “Гадаадын иргэний оршин суух, цагаачлалын хяналтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар төрийн болон орон нутгийн байгууллагын албан хаагч хууль бусаар оршин суугаа гадаадын иргэнийг илрүүлсэн тохиолдолд харьяа цагаачлалын албанд мэдэгдэх үүрэгтэй.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн цалингийн өрийн асуудлыг шийдвэрлэх багц арга хэмжээний хүрээнд “хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй гадаадын ажилчдыг албадан нутаг буцаахгүй байх” шинэчилсэн зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр Хөдөлмөрийн яам болон Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх газарт цалин хөлсөө аваагүй тухай өргөдөл, гомдол гаргасан эсвэл шалгагдаж буй тохиолдолд тухайн гадаадын иргэнийг хууль бус оршин суугч байсан ч албадан нутаг буцаахгүй байх эрх зүйн орчин бүрдэх юм.

Мөн албадан нутаг буцаах шийдвэр гарч, түр саатуулах байранд байгаа гадаадын иргэн цалин хөлсөө аваагүй нь нотлогдсон тохиолдолд саатуулах байрнаас түр хугацаанд гаргах хүртэлх зохицуулалт хэрэгжих аж. Үүний зэрэгцээ зохих цалин хөлсийг олгоогүй ажил олгогчдыг Хөдөлмөрийн яамны “жагсаалт”- д бүртгэж, гадаад ажилтан ажиллуулах эрхийг хязгаарлах эрх зүйн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн байна.

Хууль зүйн сайд Чон Сон Хо хэлэхдээ “Цалингаа авч чадаагүй гадаадын ажилчдыг шууд албадан нутаг буцаах шийдвэр дахин гарахгүй. Энэ шинэчлэл нь хөдөлмөр эрхлэгчийн эрхийг хамгаалж, хүний эрхийг дээдлэхэд чиглэсэн цаг үеэ олсон шийдвэр юм” хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: ГИХГ


БНСУ хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй гадаадын иргэдийг албадан нутаг буцаахгүй  
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй