Шууд Chart

Түр хорооны тайланг сонсов

2023-01-13 14:19:26

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хорооны тайланг сонсов.

Улсын Их Хурлын 2022 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан 18 гишүүний бүрэлдэхүүнтэй Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ томилогдон ажилласан бөгөөд тэрбээр нэгдсэн хуралдаанд тайланг танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.2.14 дахь заалтын дагуу түр хорооны тогтоолоор хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотойгоор хууль, эрх зүйн орчныг сайжруулж, санхүү төсвийн асуудлыг судлах, мал эмнэлгийн чиглэлээр болон мал аж ахуй, газар тариалан, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн талаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий таван ажлыг хэсэг байгуулагдан ажилласан байна. Ажлын хэсгүүдээс гарсан саналуудыг түр хороо 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн болохыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулсан юм.

Эрх зүй, санхүү, төсвийн чиглэлээр: Эрх зүй, санхүү, төсвийн чиглэлээр Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд тусгагдсан 6 хуулийн төсөл болон 2 Улсын Их  Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2023 оны хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт түр хорооны тогтоолоор чиглэл өгсөн. 

Мөн дээрх хууль, тогтоолын төслүүдээс гадна Төрийн албаны тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон бусад хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг судлах нь зүйтэй гэж үзжээ. Ялангуяа мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, хүний нөөцийг бэлтгэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын түвшинг ахиулах, маркетинг, өртгийн сүлжээг хөгжүүлж зах зээлд өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх “Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн стратеги”-ийг боловсруулж батлуулах саналыг гаргасан байна.

Санхүү, төсвийн чиглэлээр хүнс, хөдөө аж ахуйн салбарын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан тодорхой газарзүйн байршилд суурилан төлөвлөхөөр саналаа нэгтгэжээ.

Дотоодын болон Олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг арилжааны банкнаас олгогдох хөнгөлөлттэй, бодлогын зээлийн эх үүсвэрээр хангагдах боломжийг олгохын зэрэгцээ олон улсын байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй санхүүжилт, дэд бүтцээр дэмжих, төсөл, бизнесийн онцлог, зээлийн бүтээгдэхүүнээс хамааруулан зээлдэгчийн төлөх хүүг 3.0-5.0 хувь байхаар тооцож, Засгийн газрын олгох зээлийн хүүгийн зөрүүг жил бүр эдийн засгийн нөхцөл байдал, Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан ялгаатай тогтоох нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн дээрх ажлын хэсгээс зээлийн өсөлтөөс хамааралтай мөнгөний нийлүүлэлтийн валютын ханш, валютын нөөцөд дарамт учруулахгүйгээр  санхүүжилтийг үр дүн, гүйцэтгэлд суурилан үе шаттайгаар олгох тогтолцоог бий болгох, мөн нийт зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг хүнсний боловсруулах болон хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд, 10-аас доошгүй хувийг импортыг орлох хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулан олгох саналыг гаргажээ.

Зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг олгохдоо тэргүүн ээлжид импортын хамаарлын түвшингээр эрэмбэлэн, импортыг орлох хүнсний үйлдвэрүүдийг шинээр болон өргөтгөл байгуулахад, мөн үйлдвэрлэлийн ашиглалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг олгоход, зээлийн эх үүсвэрийг хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг дэмжихэд, ялангуяа хүнсний кластерын тогтолцоог бий болгоход чиглүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн чиглэлээр: Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд тусгагдсан төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл (Нэмэлт санхүүжилт 2)”, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл-ийн 2 дахь шат”, “Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай мал аж ахуй” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг яаралтай эхлүүлэх боломжийг бүрдүүлэх, мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжиж байгаа өмнөх төслүүдийн хүрээнд ашиглах боломжтой санхүүжилт, зээлийн хүүгийн татаасыг ашиглах боломжийг судлах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн баталгаажсан үүлдэр, омгийн болон эрчимжсэн аж ахуйд өсгөн үржүүлж байгаа малын ашиг шимийг хянан баталгаажуулж стандартын шаардлага хангасан үржлийн малыг бүртгэлжүүлж, тогтоосон бүс байршилд үржүүлэх ажлыг эрчимжүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хот, суурин газрын хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангаж, мал аж ахуйг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах, бэлчээр ашиглалт, хамгаалалтын менежментийг сайжруулах, хадлан тэжээл бэлтгэх, тэжээлийн ургамлын үр, бордоо, техник тоног төхөөрөмжийн хангамж, тариалалтыг нэмэгдүүлэх, малын төрөл, ашиг шимийн чиглэлд тохирсон тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлж хангамжийг сайжруулахад дэмжиж, удирдлага зохион байгуулалтаар хангаж  ажиллахыг холбогдох яамд онцгойлон анхаарах чиглэл өгөх нь зүйтэй хэмээн үзэж, тогтоолд тусгасан байна.

Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, ялангуяа мал эмнэлгийн дэглэм бүхий эрүүл бүсийг тогтоох, био бэлдмэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Биокомбинатын үйл ажиллагааг өргөтгөн шинэчлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох зэрэг малын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг Түр хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр: Ажлын хэсгээс төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор техникийн үнийн дүнгийн 50 хүртэл хувьд татаас олгох, хөдөө аж ахуйн техник, хүлэмжийн лизингийн тогтолцоог нэвтрүүлэх, мөн хөрсний үржил шимийг хамгаалах, нэгжийн ургац, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор бордоо худалдан авахад урамшуулал, татаас олгох, тариалангийн талбайг хашаажуулах,санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзсэн байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид нь тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчтэй хамтарч тариалангийн талбайд ойн зурвас байгуулах, агро-ойжуулалтыг хөгжүүлэхэд мэргэжлийн зөвлөмж, бодлогын дэмжлэг үзүүлэх мөн таримал ургамлын сорт, сорилтын төв байгуулах, үрийн төрөлжсөн аж ахуйд дэмжлэг үзүүлэх, үр үйлдвэрлэлд урамшуулал олгох, үрийн технологийн нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох салбарын сайдад чиглэл болгохоор шийдвэрлэсэн болохоо танилцуулав.

Газар тариалангийн салбарын хүний нөөцийн үнэмлэмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэлтгэх стратеги боловсруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийн онцлогтой уялдуулан оюутан, залуучуудыг тариалангийн үйлдвэрлэл ба ажлын байранд сургах, урт хугацаатай дадлагажуулах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн санал нь зөвхөн газар тариалангийн салбарт биш нийт хүнс, хөдөө аж ахуйн салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал байгаа учир саналыг нэгтгэн тогтоолд тусгасан байна.

Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр: Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг 2023 оны эхний хагас жилд багтаан байгуулах эрх зүйн орчинг бий болгож, хүрээлэнгийн үйл ажиллагааг эхлүүлэх, мөн бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан бүс нутгийн онцлог, нөөц боломжуудад тулгуурлан кластерын зохион байгуулалттай, салбар хоорондын уялдааг хангасан хүнсний үйлдвэрлэл, хадгалалт тээвэрлэлт, худалдааны нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хангамж, нийлүүлэлтийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоог олон улсын сайн жишигтэй харьцуулан бий болгосноор хүүхдийн хоол, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Мөн хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн бэлэн нөөцийг эргэлтэд оруулах бүс нутгийн онцлогт тохирсон, зах зээлд өрсөлдөх чадвартай  боловсруулах үйлдвэр, цехийг хөгжүүлэх мөн кластерын сүлжээг газар тариалан болон мал эмнэлгийн бүртгэлийн цахим сүлжээтэй уялдуулах, хүнсний боловсруулах үйлдвэрээс гарсан хог, хаягдлыг дахин боловсруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлсэн, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг дэмжих нь зүйтэй талаар санал гаргаж холбогдох яамдад чиглэл өгөхөөр шийдвэрлэжээ.

Тус түр хорооноос байгуулагдсан ажлын хэсгүүд Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг хууль, эрх зүйн орчин, санхүү төсөв, мал аж ахуй, газар тариалан, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судлан 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 20 гаруй удаа зөвлөлдөх болон санал солилцох уулзалтыг зохион байгуулж, салбарын 50 гаруй мэргэжилтэн, судлаач, албан хаагч оролцуулан ажилласан.

Түр хорооны хуралдаанаар хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон түр хорооны тогтоолыг Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, хугацаатай уялдуулсан болохыг хэлсэн. Энэхүү тогтоолд дөрвөн агуулга бүхий нийт 17 арга хэмжээг тусгасан бөгөөд хэрэгжилтийг холбогдох Байнгын хороодод танилцуулахыг чиглэлийг Засгийн газарт өгчээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Түр хороо ажлынхаа дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар түүнийг татан буугдсанд тооцно” хэмээн заасан байдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулаад, Улсын Их Хурлын 2022 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороог татан буугдсаныг мэдэгдэв.


Түр хорооны тайланг сонсов  
Үзсэн: 487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй