Шууд Chart

Та тамхинаас ангижрахад бэлэн үү

2023-01-30 10:54:43

Монгол эрэгтэйчүүдийн хоёр хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг ажээ. Тамхи таван нас хорооно гэж ард түмний дунд тархсан яриа ч байдаг. Тамхи татах нь өвчин юм.

Никотин хүний төв мэдрэлийн системд хүчтэй үйлчилдэг. Тамхи эхэндээ сэтгэл зүйн хэрэгцээг үүсгэдэг бол цаашдаа даамжран бие махбодын хэрэгцээ болон хувирдаг юм. Тиймээс ч эмч нар тамхинаас хараат хүмүүсийг дөрвөн хэсэгт ангилдаг.

1. Тамхийг зугаа болгон татдаг хүмүүс. Тэд хэрэв хүсвэл тамхинаас хөнгөхөн гарч чадна.

2. Тамхины тусламжтайгаар таагүй мэдрэмжээсээ салдаг. Тэдний хувьд тамхины хэрэглээ нь бие махбодын хэрэгцээ болчихсон тул тамхинаас гарах нь тийм ч амар биш.

3. 5-10 жил тамхи татсан хүмүүс. Эдгээр хүний бие организм тамхинаас хүчтэй хамааралтай байдаг. Тиймээс огт таталгүй 40-50 минут болоход л сэтгэл санаа хямарч, дотор эрхтний үйл ажиллагааны хэвийн байдал алдагдаж эхэлдэг.

4. 20 түүнээс дээш жил тамхи татсан хүмүүс. Тасралтгүй 20-30 жил тамхи татсаны дараагаас тамхинаас таашаал авах нь багасаж, зарим үед бүр дотор муухайрдаг болдог. Гэсэн ч тамхиа хаяхад биеийн зовуурь шаналгаа нэмэгдэж, сэтгэл санааны хямралд оруулдаг.

Тамхинаас хэрхэн гарах вэ

1. Тамхиа хаяхад бэлтгэх

• Тамхинаас гарч байгаагаа бусдад зарла.
• Тамхитай холбоотой бүх зүйл хая.
• Үг хэллэг үйлдлээрээ тамхинаас ангид байгаагаа илэрхийл.
• Тамхиа хаяж чадна гэж өөртөөгөө ярьж өөрийгөө зоригжуул.
• Чин сэтгэлээсээ тамхинаас гарахаар шийд.

2. Тамхиа хаях

• Тамхи татахгүй байхын ашиг тусыг жагсаан бичиж, уншиж бай.
• Оюун санааны хүчээ бүрэн ашигла.
• Тамхи татах хүслээ нэг хоёр удаа тэсэн өнгөрөөж тамхи татаагүйдээ өөрийгөө урамшуул.
• Тамхи татах хүсэл 3-5 минут хиртэй үргэлжилдэг учраас энэ хугацаанд тэвчиж тамхи татахаас зайлсхий.
• Тамхи татмаар болсон үедээ 1-2 аяга ус шимж уу.
• Тамхи татах зав бүү гарга.

3. Тамхинаас ангижрах

• Үгүй татахгүй гэж хэлж сур.
• Тамхи асаах шалтаг бүү гарга.
• Тамхи татах сонирхлыг төрүүлдэг ундаа хоол хүнсийг бүү хэрэглэ. Кофе какао, кока кола гэх мэт.
• Тамхи татах хорхойгоо дарах аргуудыг хэрэглэ. (Хатуу чихэр хүлхэх, спортоор хичээллэх)
• Бусдаас тусалцаа ав.

4. Тамхи татахгүй чигээрээ үлдэх

• Тамхинаас хамааралгүй амьдрахын ашиг тусыг тунгаан бод.
• Тамхи татаж буй хүнтэй хамт байхаас зайлсхий.
• Өөрийнхөө амжилтыг бусадтай хуваалц.
• Тамхи татахгүй болсноо бусдад харуул.


Та тамхинаас ангижрахад бэлэн үү  
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй