Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён АНУ-тай байгуулсан эвсэл нь тус улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын гол тулгуур хэвээр гэдгийг онцоллоо.
Тэрбээр лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр хоёр улсын эвслийг цаашид бэхжүүлж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлээр Вашингтонтой нягт хамтран ажиллахаа мэдэгдэв.
И Жэ Мёны энэ байр суурь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилтын цар хүрээг мэдэгдэхүйц бууруулах чиглэл өгсний дараа гарчээ.
Трамп өнгөрсөн ням гарагт АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилтыг өндөр өртөгтэй хэмээн шүүмжилж, Хойд Солонгост “дайсагнасан дохио” өгдөг гэж тайлбарласан юм. Улмаар сургуулилтын цар хүрээг эрс багасгахыг Батлан хамгаалах яамандаа үүрэг болгосноо зарлав.
Тэрбээр мөн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай сайн харилцаатай гэдгээ дурдаж, Пёньянтай яриа хэлэлцээг сэргээх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
И Жэ Мёны Засгийн газар Хойд Солонгостой үүссэн хурцадмал байдлыг намжааж, харилцааг сэргээх бодлого баримталдаг. Үүний зэрэгцээ Вашингтонтой байгуулсан цэргийн эвсэл, Өмнөд Солонгосын батлан хамгаалах бэлэн байдлыг хэвээр хадгалах байр суурьтай.
Трампын мэдэгдлийн дараа Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам хамтарсан сургуулилтын асуудлаар АНУ-ын талтай зөвлөлдөж эхэлжээ. Харин одоо үргэлжилж буй “Үлчи эрх чөлөөний бамбай” сургуулилтын хуваарь, цар хүрээнд өөрчлөлт оруулах эсэхийг одоогоор тодорхойлоогүй аж.
Энэ жилийн сургуулилтад Өмнөд Солонгосын 18 мянга орчим цэрэг оролцож буй бөгөөд өмнөх жилүүдтэй харьцуулахад хээрийн сургуулилтын тоог цөөрүүлжээ. Зарим сургуулилтыг есдүгээр сар хүртэл хойшлуулсан нь Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах Сөүлийн бодлоготой холбоотой гэж Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлэв.
| Өмнөд Солонгос АНУ-тай байгуулсан цэргийн эвслээ сулруулахгүй | ||
| Үзсэн: 51 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.