Шууд Chart

Зарим улсын бие бүрэлдэхүүн “Тийм зүйл шаардлагатай” гээд стандарт нэхдэг бол манай аврагчид тэвчээр зааж, үүргээ биелүүлдэг

2023-02-08 09:07:01

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярын ахалсан ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад болон Зэвсэгт хүчний жанжин штабын алба хаагчдаас бүрдсэн Эрэн хайх, аврах бүлгийн баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өнөөдөр 04 цаг 34 минутад Турк улсыг зорилоо.

Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх аврах, эмнэлгийн яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх тус баг онцгой байдлын байгууллагын 25, эрүүл мэндийн тусламж үзүүлэх 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй байхаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэсэн. Тус баг голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэнэ.

Аврах багийн бүрэлдэхүүн нь 5-10 түүнээс дээш жилийн туршлагатай, гадны улс орнуудад аврах ажиллагаанд оролцож байсан, англи хэлний дундаас дээш мэдлэгтэй, зарим нь турк хэлтэй алба хаагчдаас бүрджээ. Тэдгээрээс хоёр нь эмэгтэй алба хаагч юм.

БНТУ-ыг зорьж байгаа Монгол Улсын аврагчдын багт үнэрч хоёр нохой багтаж байна. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 4 настай "Марта", 3 настай "Балу" дуудлагатай ноход нь эрэн хайхад бүрэн сургагдсан. "Марта" нь төрийн цэргийн болон хүчний байгууллагуудын үнэрч нохдын уралдаанд 2019 онд тэргүүлж байсан аж.

Мөн цаг үеийн байдлыг халуун цэгээс нь мэдээлэхээр МҮОНРТ-ийн сурвалжлах баг тэдний хамт хөлгийн жолоо заллаа.

Энэ үеэр зарим хүний тодруулгыг хүргье.

Б.Ууганбаяр: Зарим улсын бие бүрэлдэхүүн “Тийм зүйл шаардлагатай” гээд стандарт нэхдэг бол манай аврагчид тэвчээр зааж, үүргээ биелүүлдэг

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал.

-Сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаараа манай улсын аврагчид зарим улсынхаас дутдахгүй. Зарим тохиолдолд илүү ч гардаг. Би хэдэн цэргийнхээ хамт олон газар үүрэг гүйцэтгэсэн. Тэр ч бүү хэл БНХАУ-ын аврагчдыг бэлтгэдэг сургалтын төвд очсон. Манай улсын аврагчдын ур чадвар, цаг хугацааг хэмнэх, багаж хэрэгсэлтэйгээ хэрхэн ажиллах, хурдтай байдал зэргийг харахад нэлээн өндөр түвшинд бэлтгэжсэн нь ажиглагддаг. Гэхдээ аврах ажиллагаа гэдэг нь босон суун, хурдтай хийдэг ажил биш. Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах гэж байгаа учир. Жишээ нь ямар нэгэн хавтанд дарагдсан иргэн байлаа гэхэд уг хавтанг эгц дээрээс нь биш 90 градусын налуутай ухдаг. Эгц ухвал уг хавтан доошоо унаж, тухайн иргэнийг дарах аюултай. Дараа нь гурвалжин хөлөө босгож байгаад олсоор тухайн хавтангаа өргөж татаад аврах ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Энэ мэт нарийн сургалтад манай улсын аврагчид хамрагдсан. Байгалийн болон бусад хүчинд зүйлд нэрвэгдсэн газар ажиллахад хүндрэл бэрхшээл мэдээж гардаг. Бид энэ удаагийн тусгай томилгоог аваад гарахаасаа өмнө тухайн улс орны нөхцөл байдал ямар байна вэ гэдэг талаар мэдээлэл авсан. Ер нь нэлээн хүйтэн байна гэсэн. Бороо орж, цасан шуурга шуурч байгаа юм билээ. Тухайн улсын аврагчид нь хүртэл олон улсын телевизээр “Бороо, цасны улмаас аврах ажиллагаанд хүндрэл их гарч байна” гэж байсан. Биднийг ч тийм нөхцөл байдал угтана. Гэхдээ Монгол хүний онцлог байна. Жилийн дөрвөн улиралдаа дасан зохицсон, тэсвэр хатуужилтай байдаг. Зарим улсын бие бүрэлдэхүүн “Тийм зүйл шаардлагатай” гээд стандарт нэхээд байхад манай аврагчид тэвчээр зааж, үүргээ биелүүлдэг.  

Т.Оюунсүх: ОБЕГ-аас явж байгаа нэг эмэгтэй аврагч болж байна

ОБЕГ-ын дэргэдэх 115 дугаар ангийн эмч.

Аврах бүлгийнхээ буюу бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг сахин хамгаалахаар эмчийн бүрэлдэхүүнд томилогдож, ОБЕГ-аас явж байгаа нэг эмэгтэй аврагч болж байна. Би 2015 оны есдүгээр сард Буриадад сар гаруй хугацаанд үргэлжилсэн гал түймэрт гамшиг ослын дуудлага авч анх удаа оролцож байсан. Тэнд мөн л анхны эмэгтэй эмчийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл энэ удаагийнх миний хоёр дахь олон улсын хэмжээний гамшиг ослын дуудлага болж байна. Энэ албанд анх орохоосоо сэтгэл санаагаа хоёргүйгээр зориулдаг учраас намайг гэнэтийн гамшиг ослын дуудлага аваад явах болгонд ар талыг баттай авч үлддэг ар гэрийнхэндээ сайн сууж байгаарай гэж дамжуулья. Сэтгэлзүйн хувьд аль ч талаараа бэлтгэгдсэн.

Д.Сүхбаатар: Бид тун удахгүй газар дээрээс нь бодит мэдээлэлийг үзэгчиддээ хүргэнэ

Монголын мэдээ” сувгийн сэтгүүлч.

-Бидэнд байгаа мэдээлэлээр манай улсын бие бүрэлдэхүүн урьд нь байгалийн гамшигт өртсөн Япон Улсад туслаж байж. Харин энэ удаа манай улсаас дээрх баг ажиллахаар болоод байна. Миний хувьд “Дайны үед мэдээ, сурвалжилга хэрхэн бэлдэх вэ” гэсэн 14 хоногийн сургалт Туркт болоход хамрагдаж байсан. Гэхдээ сургалт, бодит байдал хоёр өөр шүү дээ. Ер нь Туркын Ерөнхийлөгч гурван сарын хугацаанд онц байдал зарласан байгаа юм билээ. Ард түмэн нь өчигдрийн 16:00 цагаас эхлээд огт унталгүй олон улсын мэдээ мэдээлэлийг харж, ямар арга хэмжээ авах нь вэ гэдгийг хүлээж байна. Зарим нь “Урьдчилж мэдэгдэж болоогүй юм уу” гэсэн бухимдалтай пост, комент бичжээ. Энэ бол зөвхөн сошиалаас авсан мэдээлэл. Харин бид тун удахгүй газар дээрээс нь бодит мэдээлэлийг үзэгчиддээ хүргэнэ. Ийм газраас мэдээ, сурвалжилга бэлтгэхдээ хэзээ ч сэтгэлзүйн хөдлөлдөө автаж болохгүй гэдэг. МҮОНТ голч мэдээлэл хүргэж, үзэгчиддээ хүргэх болно. Энэ бол манай улсын хувьд маш том үйл хэрэг. Туркт болсон гамшигт одоогоор 70 улс тусламж үзүүлээд байгаа юм билээ.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зарим улсын бие бүрэлдэхүүн “Тийм зүйл шаардлагатай” гээд стандарт нэхдэг бол манай аврагчид тэвчээр зааж, үүргээ биелүүлдэг  
Үзсэн: 305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй