Шууд Chart

З.Цэгмэд: Эрэгтэй хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй

2023-03-18 12:14:14

“Гарьдманлай” эмнэлгийн захирал, Анагаах ухааны клиникийн профессор, мэс засалч, эрэгтэйчүүдийн эмч З.Цэгмэдтэй ярилцлаа.

-Монгол эрчүүдийн эрүүл мэнддээ тавих анхаарал сул байдаг. Эмнэлэгт хандахаар бол найз нөхөд, танилуудаасаа л асуудаг, ихэнх нь таныг зааж өгдөг юм билээ. Ер нь Монголд олон жил ажилласан туршлагатай эрэгтэйчүүдийн эмч хэр олон байдаг вэ. Таны хувьд яагаад эрэгтэйчүүдийн өвчин судлалаар мэргэшихээр шийдсэн бэ?

-Би 1988 онд тухайн үеийн Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн. Би 1982 онд ерөнхий боловсролын сургууль төгсөөд АУДС-д элсэхэд тухайн жилийн эрэгтэй элсэгч нарыг Батлан хамгаалах яамны нэр дээр нэг анги байгуулж, сургасан. Анагаахад охид түлхүү сурдаг бол манай анги дан эрчүүд, зургаан жил сурсны ард 25 эрэгтэй оюутан төгсөж байлаа. Оюутан байхдаа хээрийн бэлтгэлд явах, Цэргийн төв эмнэлэгт дадлага хийх зэргээр цэргийн амьдрал хөл тавьж, дэслэгч цолтой төгссөн. 1988 онд Налайхын цэргийн анги, дараа нь Эрдэнэтэд Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хуваарилагдсан. Цэргийн ангид ажиллаж байхдаа цэргүүдэд үзлэг шинжилгээ хийнэ. Тухайн үед л Монголд эрэгтэйчүүдийн мэргэжлийн эмч хэрэгтэй гэдгийг олж харсан юм. 1989 онд би мэс заслын эмчээр резидентэд сурч, өөрийн хүсэлтээр Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбараас гарсан.

Анх анагаахад элсэхдээ эрэгтэйчүүдийн эмч болох зорилго байгаагүй. Оюутан болоод, их сургуулиа төгсөөд цэргийн анги, нэгтгэлийн алба хаагчидтай ажилласан.  1992 онд Польш улс руу явж эрэгтэйчүүдийн эмнэлэгт нэг жил гаруй хугацаанд ажиллаж, туршлага хуримтлуулсан. Тэр эмнэлгээс санаа авч 1998 онд “Гарьдманлай” эмнэлгээ байгуулснаас хойш 20 гаруй жил эрэгтэйчүүдийн өвчин судлалаар ажиллаж байна. Тухайн үед Монголд нөхөн үржихүйтэй холбоотой өвчин, өөрчлөлт мөн эрчүүдийн сэтгэлзүйтэй холбоотой асуудалд үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийдэг эмнэлэг, эмч байгаагүй. Тиймээс би Москвад очиж антрологи буюу эрэгтэйчүүдийн өвчин судлалын мэргэжлийг 2000 онд эзэмшсэн.

Дараа нь анагаахын их, дээд сургууль, яам руу хүсэлт, бичиг хүргүүлснээр одоо анагаахын их, дээд сургуулийн дипломын дараах сургалтаар эрэгтэйчүүдийн эмч Монголдоо бэлтгэдэг болсон.

-Антрологийн мэргэшсэн эмчгүй байх үед эрчүүд хаана үзлэг, шинжилгээнд хамрагддаг байсан бэ?

-Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Урологийн тасаг (одоогийн Урологи, антрологийн тасаг) гэж байсан. Өмнө нь урологийн эмч нар эрэгтэйчүүдийн эмчийн үүргийг давхар гүйцэтгэж байсан. Бэлгийн замын өвчний шинжилгээ, эмчилгээ хийлгэх гэж байгаа эрэгтэйчүүд Халдварт өвчин судлалын үндэсний төвд, түрүү булчирхай нь өвдөж, шээс нь хаагдсан өвчтөнүүд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологийн тасагт ханддаг байсан. Урологийн эмч нар эрэгтэй, эмэгтэй өвчтөнүүдийн бөөр, шээсний замын өвчлөлийн үзлэг эмчилгээг хийдэг. Харин нарийсгасан буюу зөвхөн эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйг судалдаг шинжлэх ухаан бол антрологи юм. Монголд антрологийн эхлэлийг тавьсан, өнөөгийн түвшинд хүрэхэд нь оролцсон гэдгээрээ тодорхой хэмжээнд бахархдаг. Учир нь анх эмнэлгээ нээж байхад нийгэмд антрологийн талаар ойлголтгүй байсан үе л дээ. Яагаад гэхээр эрэгтэйчүүдийн өөр эмнэлэг байдаггүй байсан. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар олон жил ажилласан Баясгалан улсын зардлаар Сингапурт, би өөрийн зардлаар Москвад эрэгтэйчүүдийн эмчээр сурсан юм. Бид нар эрэгтэйчүүдийн өвчин судлалыг Монголд нутагшуулах талаар хөөцөлдөж, Монголын анагаахын их сургуульд эрэгтэйчүүдийн эмч бэлтгэх хүртэл нэлээд зүтгэл гаргасан. Үр дүнд нь заавал гадаадын улс руу явж, эрэгтэйчүүдийн эмч мэргэжил эзэмших шаардлагагүй болсон.

-Танай эмнэлэг анх нээгдэхдээ хэр их ачаалалтай ажиллаж байв?

-Би эмнэлэгтээ эрэгтэйчүүдийн эмчээр ганцаараа л ажилладаг байлаа. Өглөө 08:00 цагт ирээд оройн 20:00 хүртэл 50-60 хүнд үзлэг хийнэ. Анхны эрэгтэйчүүдийн эмнэлэг болохоор сонин, хэвлэлээс сэтгүүлчид уулзахаар ирнэ. Би гараад яриа өгчих завгүй л ажилладаг байлаа. Тухайн үедээ түрүү булчирхайн үзлэг, шинжилгээ хийдэг анхны мэргэжлийн эмнэлэг байсан учраас эрэлт хэрэгцээ их байсан. Мөн эрэгтэйчүүдийн бусдаас нуудаг сэдвийг хөнддөг учраас хажуудаа сувилагчгүй ганцаарчилсан үзлэг хийдэг. Үзлэгээ ингэж явуулах ёстойг Польш улсаас сурсан. Учир нь тухайн үед Монголд эрэгтэйчүүд урологийн эмчид үзүүлэхэд тухайн өрөөнд 2-3 эмч мөн сувилагч, асрагч сууж байх тохиолдол гардаг байсан.

-Та үзлэг, шинжилгээ хийхээс гадна давхар сэтгэл зүйчийн үүрэг гүйцэтгэдэг байжээ?

-Ер нь эрэгтэйчүүдийн сэтгэлзүйтэй холбоотой олон өвчин байдаг. Эрчүүд харахад гүндүүгүй юм шиг хэрнээ сэтгэлзүй нь маш эмзэг байдаг. Эмэгтэйчүүдийн сэтгэлзүй эрчүүдийнхээс хамаагүй өөр. Эмэгтэй хүн сэтгэлийн гэмтэл авсан бол уйлаад, найзтайгаа утсаар яриад гаргачихна. Эрэгтэй хүний хувь сэтгэлийн гэмтэл нь дотроо бүгшээд тэр өвчнөө бүр нойргүйдэл, хоолны дуршилгүй болтлоо хүндрүүлдэг. Тийм учраас эрэгтэйчүүдийн эмч нар маш сайн сэтгэл зүйч нар байдаг. Өвчтөнийхөө асуудлыг сонсоод ямар арга хэмжээ авах ёстойг хэлээд өгөх нь эмнээс илүү эмчилгээ болох тохиолдол бий.

Монгол эрчүүд гэр бүлээ авч явах, эдийн засгийн ачаалал, зарим тохиолдолд эхнэрийн талын гэр бүлээс ирдэг тодорхой хэмжээний дарамт зэргээс үүдэн маш их хэмжээгээр стресстдэг. Үүнээс үүдэн эрчүүдэд бэлгийн үйл ажиллагааны алдагдал тохиолддог. Өөрөөр хэлбэл сэтгэлзүйн гэмтэл авсан тохиолдолд болон элдэв асуудлууд, стрессээс үүдэн бие организм нь мууддаг. Нийгэмд үүнийг мэддэггүй. Энэ хүн эрэгтэй хүн юм чинь үг даах ёстой гэж боддог. Бэлгийн үйл ажиллагааны алдагдал эрт эмчид, эмнэлэгт халдсан тохиолдолд 100 хувь эмчлэгддэг өвчин. Энэ төрлийн өвчнийг манай эмнэлэг эмчилдэг.

-Эмнэлгээ нээсний ард саад бэрхшээл тулгарч байв уу?

-Эрх бүхий байгууллагуудаас хяналт, шалгалт ойр ойрхон ирдэг байсан. Эрүүл мэндээр, ХӨСҮТ-д үзүүлж болох өвчнөөр бизнес хийх гэж байна гээд 2-3 ч удаа эмнэлгээ хаалгасан тохиолдол бий. Тэр бүрт антрологийн шинжлэх ухааныг тайлбарлаж ойлгуулж ирсэн. Анх кабинет байсан бол одоо 35 ортой, клиникийн нэгдсэн лабораторитой, мэс заслын тасагтай, эмнэлэг болж өргөжсөн.

-Танай эмнэлгийн ихэнх эмчилгээ, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй авах боломжтой болсон юм билээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Энэ оны гуравдугаар сард Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гуравдугаар тогтоол гарснаар иргэд үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр манай эмчилгээ үйлчилгээг авах боломжтой болсон. Тухайлбал, дээрх шийдвэр гарахаас өмнө бэлэг эрхтэний  судас бүдүүрэх өвчний хагалгааг 2.8 сая төгрөгөөр хийдэг байсан бол одоо эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийдэг болсон. Мөн эрчүүдийн хөвч таслах хагалгаа, төмсөгний усжилт, үрэвсэл, түрүү булчирхайн хагалгаа, түрүү булчирхайн эмийн эмчилгээ зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байгаа. Гэхдээ дээрх эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой болсныг зөвхөн мэдээлэлд ойр хүмүүс л мэдэж, манайд хандаж байна гэж ажиглагдсан.

-Эрчүүдийн хамгийн ихээр сонирхдог хөвч таслах хагалгааг эрүүл мэндийн даатгалаар 100 хувь үнэ төлбөргүй хийлгэж болох юм байна?

-Манай эмнэлэг 2008 оноос хөвч таслах хагалгааг хийж эхэлсэн бөгөөд 6-90 насны эрэгтэйчүүд хийлгэх боломжтой. Энэ хагалгааг өмнө нь олон жил төлбөртэй хийж ирсэн болохоор эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой болсон гэдгийг эрчүүд төдийлөн мэдээгүй байх шиг байна.

АНУ-д бол дөнгөж төрсөн эрэгтэй нярайд хөвч таслах хагалгаа хийдэг. Бид АНУ-д ашигладагтай адил нэг удаагийн мэс заслын багажаар тус хагалгааг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байгаа.

-Эрчүүдийн дунд ямар өвчин хамгийн их зонхилдог вэ?

-Нэн түрүүнд хэлэхэд түрүү булчирхай маш өвчлөмтгий эрхтэн. Жишээлбэл, хамрын ханиад хүрэхэд л түрүү булчирхай үрэвсэнэ.

Шээс давсгаар дамжин шээсний сүвээр гардаг. Түрүү булчирхай шээсний сүвийг ороосон байрлалтай байдаг. Түрүү булчирхайн өвчлөл заримдаа шинж тэмдэггүй явагддаг, энэ үедээ сорвижоод хатуурч бүр давсгандаа гуурс залгуулах эрсдэл үүсдэг.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?

-Нэгдүгээрт, хувь хүн эрүүл мэндийн тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, эрт үед нь мэргэжлийн эмчид хандах ёстой. Гуравдугаарт, жирийн өвчнүүдээс зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл, дандаа ханиад хүрэх, ханиадаа дутуу эмчилбэл түрүү булчирхай өвдөнө. Бэлгийн замын өвчин тусвал түрүү булчирхай шууд өвдөнө. Бөөр, уушгины өвчин мөн бие дээр гарсан яр шархаа тоохгүй яваад байвал түрүү булчирхайгаа өвтгөж байна л гэсэн үг. Учир нь бактери шээсээр ялгардаг учир үрэвсэл, идээт үрэвсэл хамгийн түрүүнд түрүү булчирхайг өвтгөдөг. Ер нь эрэгтэй хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй. Ханиад туссан ч тоолгүй яваад байлгүй маш шуурхай эмчлэх ёстой.

-Хоол хүнс, хувцаслалтын тал дээр эрчүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Хувцаслалтын тал дээр даарч, ялангуяа доороосоо даарч болохгүй. Шээсний сүв мяндсан утас шиг л хэмжээтэй. Жишээ нь, настай эрчүүд бол халуун өдөр хүйтэн элсэн дээр суугаад л шээс нь хаагдчих тохиолдол бий. Мөн архи дарс хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хэт хүйтэн буюу мөстэй ус, ундаа түрүү булчирхайд сөргөөр нөлөөлж, цочроодог. Нэмж зөвлөхөд хэт халуун хоол, цай хүний эрүүл мэндэд муу. Хэт хүйтэн хоол хүний биед зохисгүй. Тиймээс бүлээн хоол, цай, ундаа ус хэрэглэж дадвал сайн.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

З.Цэгмэд: Эрэгтэй хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй   
Үзсэн: 1785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-12 10:26
Zowolgoo
Зочин [127.0.0.xxx] 2023-03-20 19:10
Азтай хүйс

Бидэнтэй нэгдээрэй