Шууд Chart

Д.Сайнсайхан: Монгол ёсонд ханш нээх өдөр бурхан болоочийн газрыг эргэдэг заншил байхгүй

2023-04-04 08:32:55

Энэ жилийн Ханш нээх өдөр маргааш буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд тохиож байна. Үүнтэй холбоотой иргэдээс ирдэг түгээмэл асуултыг Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Зурхайч лам, Анагаах ухааны магистр Д.Сайнсайханаас тодрууллаа.

- Ханш нээх өдрийн талаар тодруулж өгнө үү. Иргэдийн дунд зөрүүтэй ойлголтууд байдаг?

- Энэ бол байгаль дэлхийтэй холбоотой ойлголт юм. Монгол орон жилийн дөрвөн улиралтай бөгөөд дорнын зурхайд улирал тус бүрийг зургаа хувааж 24 улирлаар нарийвчлан авч үздэг.

Тухайлбал хаврын улиралд:

- хаврын уур орох,

- хур усан,

- ичигсэд хөдлөх,

- хаврын хугас дунд,

- ханш нээх,

- тариалангийн хур орох улирал гэж  зургаа хуваана.

Энэхүү цаг хугацаанд байгалийн юмс үзэгдэл, ургамал, амьтны үйл хөдлөлийг шинжин тухайн жилд юм уу тухайн улиралдаа тохируулан хүн ард аж ахуйн үйлээ зохицуулдаг ач холбогдолтой.

Ханш гэдэг нь “Fu hui jie” гэх хятад үг бөгөөд байгаль эх дэлхий дахин амилж сэргэн нээгдэх гэсэн утгатай. Манай монголд ч мөн энэ утгаар байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орно. Энгийнээр хэлбэл, газар шороо гүйцэд гэсэж, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэж тариа ногооны газраа бордож, малын хашаа хороогоо цэвэрлэн, ямаагаа самнаж, адууныхаа дэлийг засна. Тухайлбал, дөрвөн настай үрээг хөнгөлөхөд сайн гэх мэт. Харин гэхдээ ан амьтан агнах цээртэй.

- Ханш нээх өдөр талийгаачийн газрыг эргэдэг үү?

- Өвөр Монголын эрдэмтдийн тайлбараас үзэхэд ханш нээх улирал эхэлснээс хойш 1-2 хоногийн дараа хятадын хан үндэстний тэмдэглэлт өдрийг /Чин минг (“Qing ming”) буюу “Тодорхой гэгээн” гэсэн утгатай үг) өвөг дээдсийн тахилгын баяр болгож нас барсан хүмүүсийн шарил дээр очиж булшийг нь шүүрддэг зан үйл хийдэг. Энэхүү өдрийг хятад үндэстэн сүүлийн жилүүдэд хамтад нь тэмдэглэдэг болсноос энэ буруу ойлголт манай оронд бий болж болзошгүй байгааг анхаарах хэрэгтэй. Англиар “Tomb sweeping day” буюу “Булш шүүрдэх өдөр”-ийг Вьетнам, Солонгос, Малайз, Сингапур зэрэг оронд тэмдэглэдэг.

Харин Монгол ёс заншилд энэ өдөр бурхан болоочийн газрыг эргэдэг заншил байхгүй. Монголчуудын хувьд эцгийн газарт гурван жил очдоггүй, эцгийн оршуулсан газрын тэргүүнийг харуулсан зүг дээгүүр хамаагүй явдаггүй гэхчлэн бурхан болоочоо нутаглуулсан газарт очиход нарийн учиртай. Бурхан болооч нь 49 хоног дотор төрлөө олсон учраас биеийг нь оршоосон газрын эзэн буюу савдаг, лусыг олон жил орхигдуулахгүй тахих нь бий.

Тодруулбал, үр хүүхдүүд, ач зээгийнх нь аж амьдрал, ажил үйлс дордох доройтох зэрэг онцгой үеүдэд ханш нээснээс хойш газар лусын буулттай өдрүүдийг сонгож нутаглуулсан газрын ойролцоох гол горхи, булаг шанд, уул овоо, газрын эзнийг аргадан тахидаг. Өөрөөр хэлбэл, бидний хүндтэй хүмүүсийн шарилыг оршоож байгаа байгаль дэлхийнхээ л ачийг санаж амьтан хооллож, газар лусыг аргадах зан үйлүүд болох дүлцэнгийн элс, лусын эмийг гол горхи булаг шандад хийх, идээ, будаа, сүү зэргийг газар дэлхийд өргөх, лусын бумбын балин тахил, уншлага номыг уншиж бүрэн зан үйлийг хийж тахиж аргаддаг юм.

- Баярлалаа.

Нийтэлсэн: П.Ундраа

Д.Сайнсайхан: Монгол ёсонд ханш нээх өдөр бурхан болоочийн газрыг эргэдэг заншил байхгүй  
Үзсэн: 3178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-04-06 12:48
Монголчууд ил тавьдаг болохоор яаж ч очих вэ дээ
Зочин [127.0.0.xxx] 2023-04-05 10:51
ene tegeed hyatad es uymuu

Бидэнтэй нэгдээрэй