
Австрали улс Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа батлан хамгаалах салбартаа томоохон шинэчлэлт хийхээр төлөвлөж байна. Тухайлбал тус улс батлан хамгаалах салбарын төсвөө нэмэгдүүлэх, дотооддоо зэвсэг үйлдвэрлэх, холын зайн байнд цохилт өгөх хүчин чадлаа нэмэгдүүлэхээр батлан хамгаалахын стратегийн баримт бичигтээ тусгасан байна. Австрали ингэж бодлогоо шинэчлэхэд Хятадын Ази номхон далай дахь цэргийн дэд бүтэц, технологийн хөгжил гол нөлөө үзүүлжээ. Австралийн засгийн газрын танилцуулсан батлан хамгаалахын стратегийн баримт бичигт улс орон, ойрын бүс нутгаа хамгаалах, улс орны ашиг сонирхлын эсрэг хүчээ үзүүлэхийг эрмэлзэж байгаа аливаа хүчнүүдийг няцаах замаар таслан зогсоох, эдийн засгийн харилцааг хамгаалах, Энэтхэг номхон далайн бүс нутгийн хамтын аюулгүй байдлыг хангахын төлөө түншлэх, хуульд суурилсан дэлхийн дэг журмыг сахин хамгаалахад түншүүдтэйгээ хамтран гэж нэн тэргүүний зорилтуудаа тусгажээ. Түүнчлэн батлан хамгаалах салбарт ДНБ-ий 2 хувьтай тэнцэх одоогийн зардлыг нэмэгдүүлэх, Австралийн хойд газрын цэргийн баазуудаас ажиллах чадавхаа сайжруулах, Энэтхэг Япон зэрэг түншүүдтэйгээ батлан хамгаалахын хамтын ажиллагааг тэлэхээр төлөвлөж байна.
Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз: “Энэ бол өнөөдрийг ч маргаашийг ч төлөөлж байгаа баримт бичиг. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш улс орны аюулгүй байдалд юу чухал вэ гэдгийг цогцоор нь тусгасан хамгийн чухал ажил. Манай үндэсний аюулгүй байдалд тулгарч байгаа сорилтууд үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг дэлхийд бид хуучин суурин дээрээ байгаад байж болохгүй. Ирээдүй биднийг төлөвшүүлэхийг хүлээхээс илүүтэй ирээдүйг тодорхойлох арга замаа эрэлхийлж байж л аюулгүй байдлаа бүрдүүлж, бэхжүүлэх ёстой. ”
Австрали улс батлан хамгаалах салбартаа томоохон шинэчлэлт хийхээр төлөвлөж байна | ||
Үзсэн: 711 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.