Шууд Chart

М.Баяраа: Шугам сүлжээ солих ажлыг иргэдэд тухай бүрт нь мэдээлнэ

2023-05-06 09:12:24

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас цөөн асуултад хариулт авлаа. 

-Дулаарахтай зэрэгцээд өнгөрсөн жил ухсан газраа дахин ухаж, шугам сүлжээ сольдог, дахиад л ногоон байгууламжаа нүүлгэн шилжүүлдэг. Энэ нь үргүй зардлыг бий болгодог. Үүнд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Улаанбаатар хотын дулаан, цэвэр, бохир усны шугам, сүлжээний 60-70 хувийнх нь насжилт хэтэрсэн. Эдгээр шугамын насжилт стандартаар 15 жил байдаг. Өнгөрсөн өвөл л гэхэд “Хүннү” хороолол, “Japan town”-ий гудамжинд шугам дөрвөн удаа буудсан. Нэг газар цоороод, тэрийг нь нөхөхөөр усныхаа даралтыг даахгүй, өөр газар дахиад бууддаг. Энэ байдлаар зам сэтлэх, ногоон байгууламжийг сүйтгэх асуудал бий. Энэ жилийн тухайд шугам сүлжээ солих бүтээн байгуулалтын ажлыг иргэдэд тухай бүр мэдээлнэ. Хүмүүс нэг шугамыг нөгөөгөөр сольж байна, чанар, стандарт, хэмжээний хувьд өөрчлөлт байхгүй гэж ойлгодог. Хотын орон сууцны хороолол тэлэх тусам түүнийг дагаад шугамын багтаамж томрох ёстой. Голч нь 200 байсныг 400 болгож өөрчилж байгаа. Хуучин хэвээрээ байх юм бол байшин хорооллоо усаар хангах боломжгүй болно.

-Энэ зун хийгдэх шугам сүлжээний томоохон ажил юу байна вэ? 

-Дэлхийн банкны санхүүжилтээр Их, Бага тойрууд шугам солих ажлыг энэ зун хийнэ. Манайх хонгилын системгүй. Тиймээс зарим явган хүний зам, дугуйн зам үүнд өртөхөөр байгаа. Мөн зарим уулзвар өртөж байгаа. Тиймээс уулзваруудад хонгилын систем бий болгож, дахиж газар ухахгүй байхаар төлөвлөж байна. Гэхдээ хонгилын систем зардал өндөртэй.

-Шугам сүлжээ солихтой холбоотойгоор ногоон байгууламжийг шилжүүлэх нь бий. Энэ ажил бас хийгдэх болов уу? 

-Шугам сүлжээ солихтой холбоотойгоор ногоон байгууламжийг шилжүүлэх ажлыг энэ долоо хоногоос хийж эхэлнэ. Түүнчлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Эрчим хүчний яамны баруун талын шугам сүлжээг солих бөгөөд холбогдох байгууллагуудтай хамтран зохицуулалт хийж ажиллана.

Улаанбаатар хотын ачаалал бага байдаг зуны улиралд, богино хугацаанд хэсэгчилсэн байдлаар хийхэд анхаарна. Мөн нөхөн сэргээлтийг хамт хийхээр төлөвлөж байгаа. 

Мөн нэг км урт шугам хоолой байлаа гэхэд тухайн жилд түүнийхээ тодорхой хэсгийг, дараа жил нь үлдсэн хэсгийг нь гэх мэт байдлаар сольдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь иргэдэд нэг газраа ухаад байгаа мэт харагддаг байж магадгүй юм. Шугамыг нэг дор бүрэн солих санхүүжилт дутмаг байдагтай холбоотой. Иймээс үе шаттайгаар сольдог юм. 


М.Баяраа: Шугам сүлжээ солих ажлыг иргэдэд тухай бүрт нь мэдээлнэ  
Үзсэн: 3108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй