Шууд Chart

"Шүд угаалтын аварга" шалгаруулах тэмцээн болж байна

2023-05-06 15:24:38

ЕБС-ийн сурагчдын шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор Нийслэлийн шүд эрүү нүүрний төвтэй хамтран "Шүд угаалтын аварга" шалгаруулах тэмцээн Ерөнхий боловсролын сургуулийн 4-7 дугаар ангийн сурагчдын дунд “Шүд угаалтын аварга шалгаруулах” тэмцээн өнөөдөр БЗД-ийн 48-р сургуулийн спорт зааланд болж байна.

Тус тэмцээнийг ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д. Баярболд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн дарга Д.Долгормаа нар нээж үг хэллээ.

Энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнийг ЭМЯ, НЭМҮТ, НШЭНТ, НЭМГ, НЗДТГ хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн тэмцээнд Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-12 насны 220 гаруй сурагчид оролцож байна. Сургууль тус бүрээс 8 хүүхдийн бүрэлдэхүүнтэй 27 баг тэмцээнд оролцлоо.

Тэмцээний үеэр хүүхдүүд жигнэмэг идэж шүдэнд зориудаар өнгөр суулгасны дараа бүгд адил нэг төрлийн сойзоор угааж цэвэрлэнэ. Үүний дараа шүдийг тусгай зориулалтын будагч бодисоор будаж гэрэлд шалгах юм.

Хүүхдүүд шүдээ хэрхэн зөв угаасныг тусгай бэлтгэгдсэн мэргэжлийн эмч нар шүүж оноо өгөн багийн нийлбэр дүнг гаргах юм. Тэмцээнд оролцсон сурагчид цаашид амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгтэй болж үе тэнгийн сурагчдадаа, гэр бүлийнхэндээ шүдээ зөв угаах аргын талаар заан сургагч багш болон ажиллах юм.

Нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаанаас үзэхэд, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдийн шүд цоорох өвчний тархалт 86.2 буюу өндөр түвшинд гарсан байна. Тиймээс өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, арга хэмжээ авах нь хамгийн чухал юм.

Шүд цоорохоос өмнө шүдийг зөв угааж сурах хэрэгтэй. Тийм учраас шүд угаахыг хүүхэд бүрт зааж сургах нь чухал зүйл болоод байна.

Эх сурвалж: НЭМҮТ


"Шүд угаалтын аварга" шалгаруулах тэмцээн болж байна   
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй