
Европын Холбоо ОХУ-ыг хориг арга хэмжээг нь тойрч бултахаас сэргийлэх үүднээс гуравдагч орнууд руу гаргах экспортдоо хязгаарлалт тогтоож магадгүй байна. Европын комиссоос ийм агуулгатай саналаа өчигдөр буюу баасан гарагт Европын холбооны гишүүн орнуудад хүргүүлсэн талаар ДПА эх сурвалжуудад тулгуурлан мэдээлсэн байна.
ОХУ-ыг Украины эсрэг дайн өдүүлсний хариуд ЕХ-ны зүгээс авахаар зэхэж байгаа 11 дэх багц хориг арга хэмжээнд ийм саналууд тусгагдсан байгаа юм байна. ДПА-гийн мэдээлснээр, эхний ээлжид сэрэмжлүүлэх үүднээс ЕХ-ны орнуудаас гуравдагч орнууд руу гаргах экспортыг хязгаарлах эрх зүйн боломжуудыг бүрдүүлэхэд төвлөрөх юм байна. Энэ нь хангалтгүй байх нөхцөлд дараагийн шатанд тодорхой бараа бүтээгдэхүүний экспортыг хориглох боломжийг тусгах юм байна. Ийм бараа бүтээгдэхүүнд юун түрүүнд иргэний болоод цэргийн зориулалтаар давхар ашиглагдах боломжтой шөнийн харааны дуран гэхчлэн эд хэрэглэгдэхүүнүүд, мөн өндөр технологийн бараа бүтээгдэхүүн голчилж хамаарна гэж мэдээлж байна. ОХУ одоогийн байдлаар, Казахстан, Армени, Арабын нэгдсэн Эмирт зэрэг улсаар дамжуулах замаар өөрийнх нь авсан тогтоосон хоригуудаас зайлсхийж байна гэж өрнөдийн орнууд үздэг байна. Одооноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа механизмын тусламжтай ЕХ улс орнуудыг хөндлөнгөөс Москвад тусламж үзүүлэхийг зогсоох, оросын худалдааны сувгуудыг хаана гэж тооцоолж байгаа юм байна.
ЕХ ийнхүү шинэ багц хориг арга хэмжээний санал боловсруулснаа энэ сарын 10-нд Брюссельд Холбооныхоо гишүүн 27 улсын байнгын төлөөлөгчдийн түвшинд хэлэлцүүлэхээр товложээ. Үндсэндээ Европын Холбоо ОХУ-ын эсрэг 11 дэх удаагийн багц хориг арга хэмжээгээ энэ 5-р сардаа багтааж батлахаар зорьж байгаа гэдгийг ДПА-гийн мэдээнд мөн дурдсан байна. Европын комиссын дарга Урсула фон дер Ляейн өмнө нь, одоо батлах багц хориг арга хэмжээ нь юун түрүүнд, ОХУ гуравдагч орнуудыг ашиглаж хоригуудыг нь зөрчдөг байдлыг таслан зогсооход чиглэх болно гэж мэдэгдэж байжээ.
Европын Холбоо ОХУ-ын эсрэг шинэ хоригийн хүрээнд гуравдагч орнууд руу экспортоо хязгаарлана | ||
Үзсэн: 940 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.