Шууд Chart

БНТУ-д сонгууль боллоо

2023-05-29 12:16:27

БНТУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт Ням гарагт боллоо. Хоёр долоо хоногийн өмнө болсон эхний санал хураалтаар ялагч тодроогүй тул өнгөрсөн ням гарагт ийнхүү 2 дахь удаагийн санал хураалтыг зарласан юм. Энэ удаад Турк улсыг хамгийн олон жил удирдаж байгаа одоогийн ерөнхийлөгч Режийп Тайп Эрдоган үргэлжлүүлэн засаглах дүн гарчээ.

Туркийн Засгийн газрын харьяа Анадолу агентлагийн мэдээлснээр Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад Эрдоган 52.16 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Кемал Киличдароглу 47.84 хувийн санал авч, саналын хуудасны 99.85 хувийг тоолжээ. Эрдогантай  сөрөг хүчний 6 намын эвслээс нэр дэвшсэн Кемал Киличдароулу өрсөлдсөн ч босго хувь болох 50 хувийн саналыг авч чадаагүй байна. Ард түмэндээ хандан үг хэлэхдээ Эрдоган өөрт нь дахин таван жил ерөнхийлөгчийн албыг даатгаж байгаад ард түмэндээ талархал илэрхийлээд тавдугаар сарын 14-ний болон тавдугаар сарын 28-ны сонгуулийн аль алинд нь Туркийн 85 сая иргэн ялсан гэж хэлжээ. Туркийн сонгогчдын дийлэнх нь хоёрдугаар шатанд өрсөлдөгч Кемал Киличдароулугаас илүү Эрдоганыг сонгосон нь түүнийг Турк улсын хүчирхэг, батлагдсан удирдагч гэж ард түмэн үзэж байгаагийн илрэл боллоо гэж зарим олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Харин БиБиСи-гийн мэдээнд Одоогийн ерөнхийлөгч Эрдоган дахин 5 жил албаа хаших болж, Турк улс улам гүнзгий хуваагдал руу замнах бололтой гэж бичжээ.

Мөн Сөрөг хүчний нэр дэвшигч ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байна гэдгийг дурдсан байна. Тэрээр үг хэлэхдээ энэ нь Сүүлийн жилүүдэд болсон хамгийн шударга бус сонгууль" гэж хэлснийг иш татсан байна. Сонгуулийн кампанит ажлынхаа туршид Эрдоган өөрийгөө тогтвортой байдлын хамгийн сайн сонголт гэж зарлаж, ерөнхий сайд болон ерөнхийлөгчийн албыг хашсан 20 жилийн амжилтаа онцлон тэмдэглэж байсан юм. Гэсэн хэдий ч түүний засаг захиргаа үнийн өсөлт хэтийдэж, хоёрдугаар сард болсон газар хөдлөлтийн анхны хариу арга хэмжээг удаашралтай хэрэгжүүлсэн гэсэн олон шүүмжлэлтэй энэ үед өндөр хариуцлага хүлээж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНТУ-д сонгууль боллоо  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй