Шууд Chart

Арван сартайгаас 8 насны бүх хүүхдэд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцин хийнэ

2023-06-06 11:30:02

2023 оны эхний 4 сард дэлхийн 131 улсад улаанбурханы 62642 тохиолдол бүртгэгдэн, цаашид нэмэгдэх хандлагатай байна. Хөрш зэргэлдээ ОХУ-д 2023 он гарсаар улаанбурханы 762 тохиолдол, БНХАУ-д 159 тохиолдол бүртгэгдээд байна.
 
Хил залгаа Хиагт хотод улаанбурхан өвчний 5 тохиолдол лабораториор батлагдсан бөгөөд цаашид тохиолдлын тоо нэмэгдэх төлөвтэй байна.
 
Манай улсад хамгийн сүүлд 2015-2016 онд улаанбурханы дэгдэлт гарч нийт 53737 тохиолдол батлагдсанаас 24 хувийг 0-2 насны хүүхдийн өвчлөл, нийт нас баралтын 90.7 хувийг 0-1 насныхан эзэлж байсан байна.

Цар тахлын жилүүдэд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцины 1-р тунгаас 40557, 2-р тунгаас 69163 хүүхэд хоцорсон нь хүн амын дунд дэгдэлт үүсэх нөхцөл бүрдсэн байгааг илтгэж байна.

Улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 сартайгаас 8 насны хүүхдийг сум, ӨЭМТ, сургууль, цэцэрлэгээр нэмэлт дархлаажуулалтад хамруулж байна.

Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад өмнө нь товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан 10 сартайгаас 8 насны бүх хүүхэд хамрагдана.

Харин сүүлийн нэг сар дотор УГУ болон бусад вакциныг тариулсан бол түр хойшлуулна. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Арван сартайгаас 8 насны бүх хүүхдэд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцин хийнэ   
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй