Шууд Chart

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

2023-06-20 11:59:57

АНУ-ын төрийн нарийн бичгйн дарга Энтони Блинкений Хятадад хийсэн хоёр өдрийн айлчлалын төгсгөлд түүнийг /2023.06.19/ Хятад улсын дарга Ши Жиньпин хүлээн авч уулзсан байна. Энэ уулзалт Блинкений айлчлалын гол амжилт,  Хятадын тал энэ айлчлалд хэр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж олон улсад дүгнэж байна. Мөн Блинкен, Ши Жиньпин нарын энэ уулзалт, Ерөнхийлөгч Байден, Ши нарын энэ ондоо багтаан хийх уулзалтын үндэс болж мэдэхийг хэвлэлүүд тэмдэглэж байна.

Уулзалтын үеэр Ши Жиньпин хоёр тал харилцаандаа ахиц гаргаж, зарим онц чухал асуудлаар тохиролцоонд хүрч чадсаныг өндрөөр үнэлсэн байна. Мөн Блинкений айлчлал хоёр талын харилцаа тогтворжиход эерэг нөлөө үзүүлнэ гэж итгэж байгаагаа илэрхийлжээ. Хятадын Гадаад яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин “Твиттер” хуудсаараа энэ тухай мэдээлсэн байна. Блинкений айлчлалын явцад талуудын тохиролцсон тодорхой үр дүнгүүд гэдэгт ГХЯ-ны сайд Чинь Ганы АНУ-д хийх айлчлал, мөн хоёр улс хоорондын нислэгийн тоог нэмэх, соёлын харилцааны асуудлууд багтаж байна. Ням гарагийн өглөө Бээжинд буусныхаа дараа Блинкен Хятадын гадаад хэргийн сайд Чинь Гантай уулзаж хэлэлцээ хийсэн. “Нээлттэй, үр бүтээлч” болсон талуудын дүгнэж байгаа энэ уулзалтын дүнд талууд өндөр түвшний холбоо харилцааг сэргээх, хамтын ажиллагааны салбаруудыг судлах” гэхчлэн гол 3 зорилтод ахиц гаргаж чадсан гэж мэдээлж байна. Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган Тайваний сэдвийг Хятадын “суурь эрх ашгийн асуудал” гэж нэрлээд, АНУ-Хятадын харилцаанд мөн “хамгийн том эрсдэл” учруулж байгаа сэдэв болж байгааг тэмдэглэжээ. Чинь Ган бас, харилцан таатай үед Вашингтонд айлчлах Блинкений урилгыг хүлээн авсан байна. Харин уулзалтын явцад хоёр тал хооронд байр суурийн нэлээд зөрүүтэй байсан гэж Төрийн департаментын өндөр албаны төлөөлөгч сэтгүүлчдэд ярьсан боловч дэлгэрэнгүйг мэдээлээгүй байна. Блинкен өнөөдөр ХКН-ын Төв Хорооны Гадаад хэрэг эрхэлсэн Хорооны ажлын албаны дарга Ван И-тэй мөн 3 цагийн турш уулзаж хэлэлцээ хийсэн байна. Ван И энэ уулзалтын дараа, хоёр талын харилцаа доод түвшинд очсоныг тэмдэглэж, үүний гол шалтгаан нь АНУ Хятадыг “буруугаар ойлгож хүлээж авдаг” байдал гэж мэдэгджээ. Блинкений Хятад дахь айлчлалаас ямар нэг дорвитой ахиц гарна гэдэг дээр талуудын хүлээлт нэлээд даруухан байгаа, гэхдээ хоёр талын аль аль нь харилцааны тал дээр тус бүрийн “үр ашигтай” байдлыг хадгалж чадна гэсэн найдлагатай байгаа гэдгийг хятадын “Глобал таймс”-т бичсэн байна. Америк-Хятадын харилцаа өнгөрсөн оны 8-р сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосийн Тайваньд хийсэн айлчлалаас үүдэж илтэд муудсан. Дээрээс нь энэ оны 2-р сард хятадын агаарын бөмбөлөгтэй холбоотой асуудал хоёр талын дээд түвшний яриа хэлэлцээний төлвийг  бүр ч бүрхэг болгоод байсан юм. Блинкений тухайд, сүүлийн 5 жилд Хятадад айлчилсан америкийн анхны төрийн нарийн бичгийн дарга болж байгаа бол, Ерөнхийлөгч Байдений засаг захиргааны хамгийн өндөр албан тушаалтан болсон. Түүний хятадын өндөр албаныхантай хийсэн уулзалтын явцад хоёр тал яриа хэлэлцээнд нээлттэй гэж мэдэгдэж байсан ч Тайваний асуудал, Хятад, Хонконг дахь хүний эрхийн байдал, Өмнөд Хятадын тэнгис дэх цэргийн оролцоо болоод Орос Украины дайн зэрэг илтэд санал зөрөлдөөнтэй асуудлуудаар хатуу байр сууринаасаа ухрах хандлага харуулаагүйг хэвлэлүүд тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй