Шууд Chart

Исламын шашинтнууд Шведэд коран судар шатаасныг эрс эсэргүүцэв

2023-07-01 12:23:45

Лхагва гарагт Шведийн нийслэл Стокхолм хотод нэг этгээд коран судар шатаасан нь исламын шашинтнуудын дунд ширүүн эсэргүүцэл дэгдээгээд байна.

Иракийн нийслэл Багдадад уржигдар эсэргүүцэгчид Шведийн Элчин сайдын яам руу дайрсан бол, Марокко улс Шведээс Элчин сайдаа эргүүлэн татжээ.

Шведэд амьдардаг Салван Момика гэгч 37 настай ирак үндэстэн лхагва гарагт Стокхолм дахь исламын шашны хамгийн том сүмийн гадаа энэ шашны ариун судрыг хөлөөрөө дэвсэлж, хэд хэдэн хуудсыг нь тасдан хаясан үйлдэл гаргасан юм.

Энэ этгээд мөн маргааш нь “Арав хоногийн дотор дахин Иракийн далбаа болон коран судрыг Стокхолм дахь Иракийн Элчин сайдын яамны өмнө шатаана” гэж Шведийн сонинд ярьсан байна.

Шведийн цагдаа нар түүнд үг хэлэх эрх чөлөөний үүднээс зөвшөөрөл олгосон бол эрх баригчид нь харин дараа нь “ухуулга явуулсан” үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ мэдэгджээ.

Исламын шашны “Ид аль-Адха” баяр эхэлж, Саудын Арабын Мекка дахь жил бүрийн хаж мөргөл өндөрлөх үетэй давхцуулж коран судар шатаасан энэ үйлдэл Ойрх Дорнод болон дэлхий даяарх ислам шашинтнуудын уур хилэнг бадраажээ.

Иракийн Гадаад хэргийн яам “Хэт даврагч”-д шашны ариун судар шатаах боломж олгосон Шведийн эрх баригчдыг зэмлэн буруутгаж, энэ бол ”Дэлхий даяарх исламын шашинтнуудын сүсэг бишрэлд халдсан, аюултай хатгалга” гэж мэдэгдсэн байна.

Коран судрыг шатаасан энэ үйлдлийг Вашингтон туйлаас зэмлэн буруушааж байгааг АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Мэтью Миллер мэдэгдэж, энэ хэрэг явдлын уршгаар ислам шашинтнууд болон бусад шашны цөөнх Швед улсад чөлөөтэй шүтэж бишрэх боломж хумигдах “айдастай байдал” үүсч байгааг тэмдэглэжээ.

Мөн зөвшөөрөл олгосон гэдэг нь "тухайн жагсаал цуглааны үед гарсан үйлдлийг дэмжсэн гэсэн үг биш” гэдгийг Төрийн департаментын төлөөлөгч мөн цохон хэлсэн байна.

Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган телевизээр хэлсэн үгэндээ ”Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд болон эрх чөлөөний үзэл санаагаар халхавчилж ийм үйлдэл гарах нөхцөлийг бүрдүүлсэн хүмүүс хэрхэвч санасандаа хүрч чадахгүй” гэж мэдэгджээ.

НАТО-д элсэхээр горилж байгаа Швед улсын хүсэлтийг Турк, Унгар хоёроос бусад бүх гишүүд нь дэмжсэн. Анкара харин Шведийг Туркээс оргон зайлсан курдын салан тусгаарлагчдад орогнол олгож дэмждэг гэж  буруутгаж байгаа юм.

Шведийн тухайд долоодугаар сарын 11-нд Литвийн Вильнюст эхлэх НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас өмнө гишүүнчлэлээ баталгаажуулах сонирхолтой байгаа юм.

Турк, Швед улсууд ирэх долоо хоногт энэ асуудлаар хэлэлцээ хийх товтой байгаа ч сүүлд үүссэн нөхцөл байдлаас үүдэж Туркийн байр суурь улам чангарах төлөвтэй байгааг ажиглагчид дурдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Исламын шашинтнууд Шведэд коран судар шатаасныг эрс эсэргүүцэв   
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй