Шууд Chart

БНХАУ аюулгүй байдлын үүднээс Японы хүнсний импортыг хязгаарлана

2023-07-08 11:33:40

Хятад улс аюулгүй байдлынхаа үүднээс Японы 10 мужаас хүнс импортлохыг зогсоохоо мэдэгдлээ.

Цацраг идэвхжлээс цэвэршүүлсэн гэх усыг далай руу цутгах Японы төлөвлөгөөнөөс үүдэлтэйгээр Хятадын Гаалийн Ерөнхий газраас өчигдөр энэ шийдвэрээ зарласан байна.

Өмнөд Солонгос харин Японы төлөвлөгөөг олон улсын стандартад нийцсэн гэдэг үүднээс үл татгалзах байр суурь илэрхийлж байна.

Японы далайн гаралтай бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч Хятад улс цаашид Японы бусад бүс нутгаас импортлох хүнс, тэр дундаа далайн бүтээгдэхүүний бичиг баримтын хяналтаа чангатгана гэж Гаалийн албаных нь мэдэгдэлд мөн дурдсан байна.

Японы 10 мужаас хүнс импортлоход хориг тавих замаар тус улсаас нийлүүлэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үүднээс цацраг идэвхт бодисын илрүүлэг хяналтыг тогтмол чангатгаж ажиллах болно гэдгээ мөн энд мэдэгджээ.

Энд сануулахад, Фукушима Дайичи АЦС-ын ослын үед цацраг идэвхжилд бохирдсон усыг цэвэршүүлж далай руу асгах Японы төлөвлөгөөг эрс эсэргүүцэж байгаагаа Хятад улс сүүлийн долоо хоногуудын туршид идэвхтэй илэрхийлж байна.

НҮБ-ын харьяа ОУАЭА өмнө нь, 2011 оны газар хөдлөлт, цунамийн дараа осол гарч гэмтсэн дээрх АЦС-ын 3 цөмийн раекторыг хөргөхөд ашигласан 1.3 сая гаруй тонн усыг Номхон далай руу асгахад аюулгүй гэдэг дүгнэлт танилцуулсан юм.

Хятад улс харин энэ шинжилгээнд оролцсон бүх талын байр суурийг бүрэн тусгаагүй, шинжээчдийн санал нэгтэй гаргасан шийдвэр биш гэдэг үндэслэлээр энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байгаа.

Өмнөд Солонгос улсын тухайд, ОУАЭА-ын дүгнэлтийн дараагаас цацраг идэвхжлээс цэвэрлэсэн усыг далай руу асгах Японы төлөвлөгөө олон улсын стандартад нийцэж байгаа гэж итгэж байгаагаа мэдэгдэж байна.

Өмнөд Солонгосын Засгийн газрын бодлого зохицуулалтын газрын сайд Бан Мун Ки өчигдөр энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, "Усан дахь цацрагийн түвшин далай руу цутгах нормыг хангаж байгааг бид баталгаажуулсан. Тиймээс уг төлөвлөгөө ОУАЭА болоод олон улсын стандартад нийцэж байна” гэж мэдэгдсэн байна.

Цөмийн реакторуудын хөргөлтөд ашиглаж, дараа нь аварга том усны нөөцлүүр савуудад хадгалж байгаа усыг суллаж зайлуулах зорилготой энэ төлөвлөгөө Японы ойр хөрш улсуудаар зогсохгүй Номхон далайн арлын орнуудын санааг ч зовоож байгаа юм.

Энэ уснаас цацрагийн бохирдол бүрэн арилсан, гагцхүү уснаас ангижруулахад амаргүй бодис болох цацраг идэвхт тритийн изотоп багахан хэмжээнд агуулсан хэвээр байгаа нь санаа зовох гол шалтгаан болж байгаа юм.

Гэхдээ Япон улс ОУАЭА-гийн зөвшөөрлийг авснаар усыг далайд цутгах ажлаа ирэх сараас эхэлж магадгүй мэдээлэлтэй байна.

Энэ долоо хоногт Японд айлчилж энэ талын асуудлыг нягталж ажилласан ОУАЭА-гийн тэргүүн Рафаэль Гросси Японоос Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Кукийн арлуудад айлчлахаар морджээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ аюулгүй байдлын үүднээс Японы хүнсний импортыг хязгаарлана  
Үзсэн: 848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй