Шууд Chart

Хорийн бүлгийн орнуудын сангийн сайд нарын уулзалт Энэтхэгт болж байна

2023-07-18 11:40:21

Хорийн бүлгийн орнуудын сангийн сайд нарын уулзалт даваа гарагт Энэтхэгт эхэлжээ. Тус уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийн дэлхий дахинд үзүүлж буй сөрөг нөлөө, мөн буурай орнуудын гадаад өрийн дарамт зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Хурал Энэтхэгийн баруун бүсийн Гужарат мужийн Гандинагар хотод болж байна. Хорийн бүлгийг энэ онд даргалж байгаа Энэтхэг улсын сангийн сайд Нирмала Ситхараман олон улсад хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэй эдийн засгийг цогцлоох нь 20-ийн бүлгийн орнуудын үүрэг хариуцлага гэдгийг танилцууллаа. Эдийн засгийн нөхцөл хүнд байгаа энэ цаг үед олон улсын оролцоо, хүчин чармайлтыг нэгэн чигт оруулах нь чухал юм аа гэдгийг мөн хурлын нээлт дээр дурдсан юм. Уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, Украин-Оросын дайн зэргээс болж дэлхий нийтээрээ хүнсний болон, эрчим хүчний хувьд хүнд нөхцөл байдалд байгаа асуудалд гарц гаргалгааг олж, дэлхийн эдийн засгийг бэхжүүлэн, хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлнэ гэж 20-ийн бүлгийн орнуудад бусад улс орнууд итгэж байгаа гэж АНУ-ын Сангийн сайд Женет Йеллен хурлын үеэр онцолсон.

Уулзалтыг даргалагч орны төлөөлж байгаагийн хувьд Ситхараман буурай болон хөгжиж буй орнуудын өсөн нэмэгдэж буй өрийн асуудлыг шийдэх нь энэ уулзалтын тэргүүлэх чиглэл юм гэдгийг нэмж онцолсон. Энэхүү өрийн асуудлыг тодруулбал, 2020 онд Замби улс, 2022 онд Шри Ланк, Гана улсууд гадаад өрөө төлөх чадамжгүй гэсэн жагсаалтад орсон байдаг. Түүнчлэн, буурай хөгжилтэй ихэнх улс байнгын гадаад өрийн асуудалтай байдаг нь алсдаа хөгжиж, урагшлахад нь саад болох нэг хүчин зүйл болдог. Хурал дээр мөн Итали улсын сангийн сайд 20-ийн бүлгийн авч хэрэгжүүлэх ёстой гол арга хэмжээ нь хөгжиж буй орнуудын, эдийн засгийн хувьд хамгийн эмзэг давхаргын иргэдийг өрийн дарамтад оруулахгүй байх юм гэж байр сууриа илэрхийлсэн. 20-ийн бүлгийнхний хурлын бас нэг түгшээж байгаа асуудал нь бүлгийн гишүүн орон болоод дэлхийн 2 дахь том эдийн засагтай орны хувьд БНХАУ Ази, Африкийн олон орны томоохон зээлдүүлэгч орон билээ. Зээлдүүлэгч орныхоо хувьд БНХАУ энэхүү 20-ийн уулзалтаар өрийн асуудал дээр олон талт хэлцэл, зөвшилцөлд хүрэхийг эсэргүүцсээр ирсэн явдал. Энэ тал дээр бусад гишүүн орнууд Хятадад шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Хурал Мягмар гарагт эдгээр асуудлууд дээр үргэлжлүүлэн явагдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хорийн бүлгийн орнуудын сангийн сайд нарын уулзалт Энэтхэгт болж байна  
Үзсэн: 713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-19 08:25
Hor

Бидэнтэй нэгдээрэй