Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог эрчимжүүлэх эмч нарын хамтарсан баг Төв аймгийн 27 сумын иргэдийг үзлэгт хамруулахаар өнөөдөр замд гарлаа.
Эмч нарын багт УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа эрүүл мэндийн байгууллага, ЭМДЕГ, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, сумдын Засаг даргын Тамгын газар, ЭМТ, “Клинико” эмнэлгийн төлөөлөл багтаж буй юм.
Эрт илрүүлгийн багийг үдэх арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд оролцож эмч нарын багт хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг хүсээд “Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашлаад хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой.
Орон нутагт насанд хүрэгчдийн эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамрагдалт хангалтгүй байна. Тиймээс үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын баг 21 аймагт ажилласан.
Өнөөдрөөс эхлэн Төв аймгийн 27 сумын иргэдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын баг гарч байгаа нь малчид, тариаланчдыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх юм” гэлээ.
Эрт илрүүлэх үзлэг, оношлогоог эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 17-ны “Эрт илрүүлэх үзлэг, оношлогоог эрчимжүүлэх тухай” А/256 дугаар тушаалаар УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн эмч нараар ахлуулсан явуулын баг өнгөрсөн сараас эхлэн орон нутгийн иргэдэд үзлэг оношлогоо хийж, эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.
“Энэ сарын 14-ний байдлаар эрт илрүүлэх үзлэгт улсын хэмжээнд 1,125,744 хүн хамрагдсанаас 624,904 буюу 55.5 хувь нь 0-17 насны хүүхэд, 500,840 буюу 44.5 хувь нь 18-аас насныхан байна. Улсын хэмжээнд хүн амын хамрагдалт 33.4 хувь байгаа бол орон нутагт хамрагдалт 16.0 хувь буюу 18-аас насны хамрагдалт хангалтгүй байгаа юм.
Иймд орон нутгийн иргэдэд төрөлжсөн мэргэшлийн эмч нарын тусламж , үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, насанд хүрэгчдийн эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт нэмэгдсэнээр зонхилон тохиолдох өвчлөл болон хожуу үед гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байна” хэмээн ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд ярьсан.
Эмч нарын хамтарсан баг өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 9-нийг дуустал Төв аймгийн сумдад ажиллана. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн баг Лүн суманд энэ сарын 21-26-нд Баянцогт, Аргалант, Баянхангай, Лүн сумын иргэдийг, Эрдэнэсант суманд 28-наас аравдугаар сарын 1-ний хооронд Эрдэнэсант, Өндөрширээт сумынхныг, аравдугаар сарын 2-5-нд Бүрэн сумын төвд Бүрэн, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл, аравдугаар саырн 7-9-нд Жаргалант суманд ажиллаж Жаргалант, Сүмбэрийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулах юм.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн багийн үзлэг маргаашнаас Эрдэнэ суманд эхэлж Эрдэнэ, Архуст, Мөнгөнморьт, Баяндэлгэр сумын иргэдийг 26-ныг дуустал эрт илрүүлэгт хамруулах бол есдүгээр сарын 27-30-нд Баян, Баянжаргалан, Баянцагаан сумдынхныг Баян сумын ЭМТ-д, араьдгаар сарын 1-3-нд Алтанбулаг, Сэргэлэн сумдын иргэдийг Алтанбулаг сумын ЭМТ-д үзлэгт хамруулна.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн баг энэ сарын 22-25-нд Заамар, Цээл, Угтаалцайдамын малчид, тариаланчдыг Заамар сумын төвд, есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-нд Баянчандманьд Борнуур, Баянчандманийнхныг, аравдугаар сарын 4-9-нд Батсүмбэр сумын иргэдэд зориулан эрт илрүүлэх үзлэг оношлогоо, шинжилгээний арга хэмжээг зохион байгуулах юм.
Төв аймгийн сумдад эрт илрүүлэг, үзлэг оношлогоог эрчимжүүлэх эмч нарын хамтарсан баг ажиллана | ||
Үзсэн: 654 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.