
Энэ 2023 онд ЕХ-ны гишүүн 23 улсаас орогнол хүсэж хандах хүмүүсийн тоо 1 сая давж болзошгүй байна. Энэ нь 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа талаар Европын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн агентлагаас иш татан германы “Вельт” сонинд мэдээлсэн байна.
Европын комиссын нууц илтгэлээс иш татсан гэх энэ мэдээллээр бол оны эхнээс авхуулаад энэ 10-р сарыг дуустал хугацаанд дүрвэгчдийн статус хүссэн өргөдөл 801 459 бүртгэгдээд байгаа юм байна. Украины дайны улмаас хууль бус цагаачид бөөн бөөнөөр түрэн орж ирсэнтэй холбоотойгоор Эстони, Латви, ХБНГУ гэсэн гурван улс хүлээж авсан өргөдлийн тоогоороо Европын Холбоон дотроо толгой цохиж байна. Латвид ийм өргөдөл хүсэлтийн тоо 168 хувиар нэмэгдсэн бол Эстонид 119 хувиар ихэсжээ. Германаас дүрвэгчийн статус хүсэгчдийн хувь 74 болж өссөн бол Францад үүнээс хоёр дахин цөөн энэ үзүүлэлт байна. Герман руу хүсэлт гаргагчдын бараг гуравны нэг нь Сирийн иргэд байгаа бол удаад нь Афганистан, Туркийн иргэд орж байгаа дүн харагджээ.
Аливаа гадаад улс орнуудад дүрвэгчийн статустай байснаар сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх зэргээр тухайн улсын нийгэмд уусан нэгдэх боломж нь илүү өргөнөөр нээгддэг. Гэхдээ мэргэжил төдийгүй анхан шатны боловсрол дутмаг байдлаас шалтгаалж энэ боломж тэр болгон дүрвэгчдэд олддоггүй байна. Германд гэхэд албан ёсоор оршин суугч дүрвэгчдийн 17 хувь нь л эх орондоо их дээд сургуульд сурч төгссөн байдаг байна. Үүний зэрэгцээ энэ оны эхний 3 сарын хугацаанд Оросоос Герман руу дүрвэх хүсэлтэй 2400-гаад хүн өргөдөл гаргасан гэдэг мэдээллийг албаныхан өгч байсан байна. Тэр дундаа 19-30 насны эрэгтэйчүүдийн ийм өргөдлийн тоо 59-64 хувь болж өссөн үзүүлэлттэй байсан байна. Улмаар Германы эрх баригчид 2500-аад ийм өргөдлийн 55-ыг нь баталж зөвшөөрсөн талаараа өнгөрөгч 5-р сард мэдээлж байсныг Германы Table Media портал Холбооны цагаач дүрвэгчийн хэрэг эрхэлсэн албаны мэдээлэлд тулгуурлан уламжилж байжээ. Энэ оны 5-р сарын байдлаар дайн хямрал, мөрдлөг мөшгөлт эсвэл хүний эрхийг гажуудлын улмаас нутаг орноосоо цагаачилж дүрвэгсдийн тоо дэлхийн хэмжээнд 110 саяас даваад байгааг НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди мэдэгдэж байжээ.
Энэ онд нэг сая хүн Европын холбооны орнуудад орогнох хүсэлт гаргах төлөвтэй байна | ||
Үзсэн: 598 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.