
Израил улс Газын зурвасыг бүрэн бүсэлж хаах нь олон улсын эрх зүйгээр хориглогдсон үйлдэл болно гэдгийг НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын газрын тэргүүн Волкер Тюрк мэдэгдсэн байна. Энгийн хүн амын наад захын амин чухал хангамж хэрэгцээг таслан хаах нь олон улсын хүмүүнлэгийн хуулиар хориотой гэж тэрээр мэдэгджээ. Үүнээс гадна Газын зурваст НҮБ-ын 13 мянга шахам ажилтан байгааг НҮБ-аас анхааруулж байна.
Хамас-ын халдлага дайралтын хариуд Газын зурвас руу тог, ус, хий нийлүүлэлтийг бүрэн хаана гэж Израилын батлан хамгаалахын сайд даваа гарагт мэдэгдсэнтэй холбогдуулж НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын тэргүүн дээрх анхааруулгыг өгч байна. Үүнээс гадна Палестины дүрвэгчдэд туслах энэ талын ажлын зохион байгуулалтыг хариуцдаг Ойрх Дорнод дахь НҮБ-ын Палестины дүрвэгсдийн агентлагийн ажилтан 13 мянгаад ажилтан Газын зурваст байгаа талаар НҮБ-ын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлсэн байна. Түүний ярьснаар эндэхийн ажилтны дийлэнх нь Палестинчууд 300 орчим нь өөр улсын иргэд байдаг байна. Тэрчлэн Израилын эрх баригчид Палестинчуудыг Газын зурвасаас Египеттэй залгаа хилээр гарч болно гэдэг өгч байснаа өөрчилсөн одоогийн байдлаар Египет рүү гарах бүх гарцууд хаалттай байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Ийнхүү Газын зурвасын хүмүүнлэгийн нөхцөл улам бүр хүндрэх төлөвийг НҮБ-аас анхааруулж байна. НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш мөн Газын зурвасыг бүслэн хаасанд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсний дээр Израил өөрийн улсын аюулгүй байдалд санаа зовниж байгааг хүлээн зөвшөөрч олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг чамд баримтлахыг уриалсан байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Даваа гарагт Израил болон Хамас бүлгийн хооронд дэгдсэн дайн хямралын асуудлаар хаалттай хуралдсан боловч нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй, дахин хэлэлцэх товтой байгаа юм.
Энэ зуур Европын Холбооны Гадаад хэргийн сайд нар мөн шуурхай журмаар хуралдаж Палестины автономи болоод Израилтай цаашид хэрхэн харилцах талаараа зөвлөлдөх гэж байна. Европын Холбоо Палестины эрх баригчдад хөгжлийн зориулалтаар олгодог санхүүжилтээ энэ мөчөөс зогсоож байгааг Европын комиссын нэг гишүүн дангаар мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа Европын Холбоо залруулга мэдээлэл хийсэн байна.
Тодруулбал, ХАМАС бүлгийн Израилд хийсэн халдлага дайралттай холбогдуулж санхүүжилтийг нь зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг нягтлах болно гэдгээ Брюссель мэдэгдлээ. Европын Холбооноос Палестинд үзүүлдэг энэ тусламж 691 сая евро байдаг.
Европын холбоо Палестинчуудад олгодог тусламжийг зогсоох шийдвэрээ эргэн харав | ||
Үзсэн: 867 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.