
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн зөвлөлийн шинэ гишүүн улсуудыг сонгох санал хураалт аравдугаар сарын 10-нд боллоо. ОХУ Хүний эрхийн зөвлөлд дахин сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн боловч хамгийн цөөн санал авч, сонгогдож чадаагүй байна. Зүүн Европыг төлөөлсөн хоёр суудалд Орос, Албани, Болгар гэсэн гурван улс өрсөлдсөнөөс Болгар улс 160, Албани 123, ОХУ 83 санал авчээ. Өнгөрсөн оны 2-р сард Украинд дайн эхлүүлсэнтэй нь холбогдуулж тус зөвлөл Оросын гишүүнчлэлийг 2022-оны 4-р сард түдгэлзүүлсэн юм.
НҮБ-ын гишүүн улсууд хүн төрөлхтний эсрэг дайны гэмт хэрэг үйлдэж байгаа Оросын засгийн газар Хүний эрхийг хамгаалах зөвлөлд байх боломжгүй гэдгийг Москвагийн эрх баригчдад хүчтэй сануулсан алхам гэж Хүний эрхийг хамгаалагчид үзэж байгаа юм байна. НҮБ-ын мандаттай мөрдөн шалгах байгууллага Оросыг бага насны хүүхдүүдийг албадан хил давуулсан гэх мэтээр Украины эсрэг дайны олон төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэдэг дүгнэлтийг энэ оны 3-р сард гаргасан юм. Швейцарын Женев хотод төвтэй Хүний зөвлөл нь бүс нутаг бүрийг төлөөлсөн 47 гишүүнтэй, дэлхийн хаа нэгтээ хүний эрхийг ноцтой зөрчсөн тохиолдолд олон улсын хамтын нийгэмлэг ямар арга хэмжээ авах талаар хэлэлцдэг юм. Тэдгээрийг НҮБ-ын гишүүн 193 улсын олонхын саналаар гурван жилийн хугацаатай сонгодог юм. Ази, Африк, Баруун Европын бүс нутгийн суудлуудын төлөөх санал хураалт өрсөлдөөнгүй, нэр дэвшсэн улсууд бүгд сонгогдсон бол Зүүн Европ, Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгийн суудал өрсөлдөөнтэй болжээ.
Тухайлбал Азийн бүс нутагт оногдсон дөрвөн суудлын төлөө өрсөлдсөн Хятад, Япон, Кувейт, Индонез улсууд, Африк тивийн дөрвөн суудалд Малави, Кот Дивуар, Гана, Брунди зэрэг улсууд нэр дэвшиж, бүгд сонгогдсон байна. Харин Латин Америк, Карибын тэнгисийн бүсийн гурван суудлын төлөө Куба, Бразил, Доминикан,Перу улсууд өрсөлдсөнөөс Перу улс цөөн санал авч хасагджээ. Шинээр сонгогдсон 15 улс ирэх 2024оны 1-р сарын 1-нээс эхлэн Хүний эрхийн зөвлөлд ажиллаж эхэлнэ.
НҮБ-ын Ерөнхий ассамблей ОХУ-ыг хүний эрхийн зөвлөлд дахин сонгосонгүй | ||
Үзсэн: 793 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.