
Газа хотын Аль Ахли эмнэлгийг бөмбөгдөж 500 орчим хүн амь насаа алдсан хэргийн дараа тус бүс нутагт нөхцөл байдал улам муудаж, хүмүүнлэгийн хямрал улам даамжирсаар байна. Энэ нөхцөлд Египет болон Газын зурвасын хил дээрх Рафа боомтоор нэн яаралтай хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг Израил болон Египетийн талууд зөвшөөрсөн байна. Эхний ээлжид тусламжийн бараа ачсан 20 ачааны машин Газын бүс рүү нэвтрэхээр хүлээж байна.
Газын бүс рүү нэвтрэх тусламжийн бараа ачсан машинуудад цэвэр ус, хоол хүнс, эмнэлгийн түргэн тусламжийн хэрэгслүүд байгаа. Тусламжийн гарц нээх тал дээр АНУ-ын ерөнхийлөгч Жое Байден Израилд айлчлах үеэрээ ярьж хэлэлцсэн байна. Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар тусламжийн машинууд хамгийн эртдээ Баасан гарагийн өглөө хөдлөх боломжтой юм. Эхний ээлжид Газ хот руу оруулах тусламжийг Хамас бүлэглэл хэрвээ хураан авах, таслан зогсоох юм бол тус бүсийн итгэл найдвар үндсэндээ унтарна гэж анхааруулж байгаа юм байна. Эхэлж оруулах 20 ачааны машинаас гадна мөн 3000 тонн тусламжийн хангамж ачсан 200 ачааны машин Рафа боомтын ойролцоо хүлээж байгаа гэсэн мэдээлэл байна.
Тусламжийн хэрэгсэл, хангамжийг Газ руу оруулахаас өмнө эхлээд НҮБ-ын албаныхан шалгана гэдгийг Египетийн гадаад хэргийн яамнаас мэдээлсэн юм. Мөн Рафа гарц хэвийн ажилласаар байвал Газын бүсэд гацсан гадны иргэд, хоёр иргэншилтэй иргэд энэ боомтоор дамжиж гарч болно гэдгийг мөн дурдлаа. Израилын зүгээс энэ тусламжийн урсгалыг Хамас бүлэглэлийн байршил руу хүргэхгүй л бол Газын өмнөд хэсгийн оршин суугчдад хүргэж болно гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Яаралтай тусламжаас гадна эмнэлгүүдэд нэн шаардлагатай байгаа түлшний эх үүсвэрийг харин Израилын талаас эргэн ханган нийлүүлнэ гэж мэдэгдсэнгүй.
Одоогийн байдлаар Рафа гарцаар тусламж ороход гол гацааж байгаа зүйл нь Израилын бөмбөгдөлтийн явцад тэр хавийн зам, барилга байгууламж бүхэлдээ сүйдсэн тул ачааны машин явж өнгөрөхөд бэрхшээлтэй байгаа тул замыг цэвэрлэхээр ажиллаж байна гэж мэдээлсэн байна. Рафа боомтоор Палестины иргэд дүрвэж болох уу гэдэг асуултын хариулт одоогоор ярвигтай асуудал болоод байгаа.
Энгийн үед Палестины иргэд Египет рүү хил нэвтрэхийн тулд Палестины эрх баригчдаас 4 долоо хоногийн өмнө хүсэлтээ цохуулж, батлуулсан байх ёстой байдаг юм байна. Гэхдээ 4 долоо хоног хүлээх явцад Палестины юм уу Египетийн удирдах байгууллагаас хүсэлтийг хүлээж авахгүй тохиолдол мөн гардаг байна. Гэхдээ одоогийнх шиг дайнтай ийм хүнд нөхцөлд Палестинчууд Рафа боомтоор дүрвэнэ гэсэн найдлага тээн ойр хавьд нь цуглаж байна гэдэг мэдээллийг албаныхан өгч байна.
Египет улс Рафа боомтоор Газын зурвас руу тусламж оруулахыг зөвшөөрлөө | ||
Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.