
Энэ сарын 5-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дэвшүүлсэн санаачилгын дагуу Оросын парламентын доод танхим буюу Төрийн Дум Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг соёрхон баталсан шийдвэрээ хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж эхлээд байсан. Тэгвэл энэ санал өчигдөр Доод танхимын 415 депутатын дэмжлэгтэй батлагдсан байна. Энэ тухайд олон улс юу гэж харж дүгнэж байгааг харцгаая.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ саналыг анх гаргахдаа цөмийн туршилтын тухайд АНУ-ын баримталж өнөөгийн байр суурьтай жишиж гаргасан гэж мэдээлж байсан. АНУ нь цөмийн зэвсгийг бүрэн хориглох тухай уг гэрээнд 1996 онд гарын үсэг зурж байсан ч албан ёсоор соёрхон баталж байгаагүй юм байна. Оросын зүгээс АНУ-ыг түрүүлж цөмийн зэвсэг туршихгүй бол тэд ч мөн цөмийн туршилт хийхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Гэхдээ энэ шийдвэрийг Барууны орнууд ОХУ-ын Украин руу явуулах үйл ажиллагаагаа өргөжүүлэх эрсдэл гэж харах магадлалтай гэж олон улсын зэвсэглэлийн асуудлын шинжээчид дүгнэж байна. Украин гэхэд Оросын энэ шийдвэрийг цөмийн зэвсгээр айлган сүрдүүлэх шийдвэр гэж харж байгаагаа илэрхийлсэн. Владимир Путин өнгөрсөн жил Украин руу цэргийн үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш барууны орнуудад цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй талаараа удаа дараа анхааруулсаар байсан юм. Тэгвэл олон улсын гэрээнээс гарах санал дэмжигдсэн тухайд Оросын Төрийн Думын дарга Вячеслав Володин АНУ-ыг буруутгаж, гэрээнд гарын үсэг зурсан хэрнээ олон жилийн турш соёрхон батлахгүй явж ирснийг нь шүүмжилсэн байна.
ОХУ 2000 онд энэ гэрээг албан ёсоор соёрхон баталж байсан. Энэ удаагийн гэрээнээс гарах Төрийн Думын шийдвэр зөвхөн албан ёсоор соёрхон баталсан шийдвэрийг цуцалж, гарын үсэг зурсан хэвээрээ үлдэн, цөмийн зэвсгийн туршилтын талаарх тоон мэдээллийг олон улсын хяналтын системд танилцуулсан хэвээр байх тийм утгатай шийдвэр гэдгийг Төрийн Думаас тайлбарлаж байна. Гэхдээ магадгүй Төрийн Думаас батлагдсан энэ шийдвэр дээд танхим буюу Холбооны зөвлөлд хүрч, хэлэлцэх үед Москва гэрээнээс бүр мөсөн гарах өндөр магадлалтай гэдгийг Володин дурдсан байна. Одоогоор энэ шийдвэрийг ОХУ-ын дээд танхим буюу Холбооны зөвлөлд өргөн барьсан байгаа юм. Дээд танхимаас гарсан шийдвэрийг ерөнхийлөгч Путин гарын үсэг зурж, баталгаажуулна. Ерөнхийдөө ОХУ АНУ-ыг цөмийн зэвсэг туршиж магадгүй гэдэг үндэслэлээр цөмийн зэвсгийн бэлэн байдалд байх хэрэгтэй гэдэг байр суурийг энэ оны 2-р сараас эхэлж илэрхийлэх болсон.
Олон улсын зүгээс Оросын гэрээнээс гарах шийдвэрийг олон улсын тогтвортой байдал, хүн төрөлхтний аюулгүй байдлыг сулруулсан, зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг өдөөн хатгасан шийдвэр гэж харж байна. Гэхдээ мөн гэрээний нөгөө тал болох АНУ-ыг одоог хүртэл гэрээг албан ёсоор соёрхон батлаагүй нь АНУ Оросыг шүүмжлэх аргагүй болгож байна гэж мөн үзэж байгаа юм байна.
Одоогоор олон улсын зэвсэглэлийн асуудлын шинжээчдийн санааг зовоож байгаа нэг зүйл нь энэ хоёр улс хэн хэн нь гэрээгээ албан ёсоор соёрхон батлахгүй, хүчингүй болгож, цөмийн зэвсгээр хөөцөлдөж эхлэх юм бол Хятад, Энэтхэг, Пакистан зэрэг цөмийн зэвсэгтэй улсууд мөн тэдний замыг дагах нь тодорхой. Олон улсад цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх асуудал үүсэх өндөр эрсдэлтэй байна гэж үзэж байгаа юм байна.
ОХУ “Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ”-ээс гарах шийдвэрийг Төрийн Дум дэмжлээ | ||
Үзсэн: 1028 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.