Шууд Chart

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг энэ сард дүгнэнэ

2025-07-22 15:10:10

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр нийгмийн шударга ёс бол уриа лоозон биш. Бодит ажил болгохын тулд хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө гурван талт механизмыг бүх талын оролцоотойгоор хэрэгжүүлж ажиллах нь чухал. Гурван талт хэлэлцээрийг тодотгон сануулахын учир нь ажил олгогч, ажиллагчдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр хуримтлагдсан мөнгө хулгайд алдагдсан явдал. Хариуцлагагүй, хяналтгүй ажилласан энэ мэт жишээ олон учраас цаашид түншлэл төдий байгаа гурван талт хэлэлцээрийг шинэчлэн хэрэгжүүлнэ гэлээ.

Гурван талт хэлэлцээрийг хяналттай, хариуцлагатай хэрэгжүүлэх иргэд, Үйлдвэрчний эвлэлийн оролцоо бүхий авлигатай тэмцэх зөвлөл байх шаардлагатай гэж Ерөнхий сайд хэллээ. Гар хүндрүүлэхгүй бол ажил явдаггүй, даргын үзэмжээр хэн нэгнийг шагнадаг, улстөржсөн, хуучинсаг байдлыг төрийн албанаас халах цаг нь болсон. Үүний тулд эхлээд шударга хөдөлмөрлөж, хичээн зүтгэж байгаа ажилтны ажлын үр дүнг үнэлгээний баг үнэлж, гүйцэтгэлээр нь урамшуулж, цалинжуулдаг байх, төрийн албаны аттестатчиллыг МҮЭХ, Төрийн албаны зөвлөлтэй хамтарч хэрэгжүүлэх санал тавилаа. 

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийг үнэлж, биелэлтийг дүгнэн энэ сарын 30-наас өмнө танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир Ерөнхий сайдад дараах хүсэлтийг тавилаа. 2013 онд гарсан Засгийн газрын 370 дугаар тогтоолыг /Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай/ шинэчлэх, Яам, агентлаг болон бүх шатны Засаг дарга нарын түвшинд энэ тогтоолыг хэрэгжүүлэх албан даалгавар өгөхийг хүслээ. Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийн ажиллах, санал хүлээж авах, маргаан шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох бодит шаардлага байгааг онцоллоо.

Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, холбогдох хуулиудыг эргэн харж, зарим зохицуулалтыг сайжруулах шаардлагатай. Ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийг анхаарч, эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх, дарамт хүчирхийллийг устгах тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцод  нэгдэх  зэрэг асуудлыг уламжилж, Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчлэлд манлайлж оролцоно гэдгээ МҮЭХ-ны Ерөнхийлөгч илэрхийллээ.


Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг энэ сард дүгнэнэ  
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй