
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсын Парламент Жогорку Кенешийн дарга Н.Тургунбекийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болсныг онцоллоо.
Тэр бээр нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй уламжлалт найрсаг харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсоныг тэмдэглэв.
Хоёр улсын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг хэлж, Парламентын дарга нарын 2024 онд хийсэн харилцан айлчлал харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг онцоллоо.
Жогорку Кенешийн дарга Н.Тургунбек, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Киргизийн төр, засаг, хууль тогтоох дээд байгууллага өндөр ач холбогдол өгч буйг онцолж, Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Талууд хоёр улсын харилцааны эрх зүйн таатай орчныг улам бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хооронд харилцан айлчлал хийх, туршлага солилцох зэргээр нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа нотоллоо.
Тургунбек уулу Нурланбек 2022 онд Парламентын дарга болсон. Парламент Жогорку Кенеш нь нэг танхимтай, намын жагсаалт, тойрог буюу холимог тогтолцоотой, таван жилээр сонгогддог 90 гишүүнтэй юм.
Сүүлийн хоёр удаагийн сонгуульд манай улсын туршлагаар сонгуулийн санал хураах технологи, иргэний бүртгэлийн системийг ашигласан нь үр дүнд хүрсэн гэж үздэг байна.
Киргизийн талаас 2004 онд Парламентын Доод танхимын Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Борубаев, 2004 онд Парламентын дарга Н.Шакиев манай улсад айлчилж байжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Парламентын даргыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 176 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.