
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй уулзаж, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Туул, Сэлбэ, Дунд гол, Наран, Толгойт, Улиастайн гол зэрэг Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг чанартай зохион байгуулахыг төвийн зургаан дүүргийн удирдлагад үүрэг болголоо.
Налайх, Багануур, Багахангай дүүрэг төв магистрал замын дагуух хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэнэ. Нийслэл, есөн дүүргийн хэмжээнд гол ай сав, байгаль орчиндоо хог хаягдал хаяхгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх ажил, контент зэргийг бэлтгэж, түгээнэ. Голын ай сав дагуу шороо асгадаг байдалд хяналтыг сайжруулж, гол руу бохирдол урсгаж экологийн доройтолд оруулах нөхцөл байдал үүсвэл тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хуулийн хариуцлага хүлээдэг.
Түүнчлэн энэ жил ойн бүсэд хуурайшилт их байгааг анхаарч, ойн бүсийн цэвэрлэгээг зохион байгуулах, ялангуяа ойн бүсэд гал түймрийн шалтгаан болдог төрөл бүрийн шил, тамхины иш, хийн түлшний лааз зэргийг цэвэрлэхийг онцоллоо.
Мөн Улаанбаатар хотын ойр орчимд карьер ухсан газруудад хамтарсан шалгалт явуулж, нөхөн сэргээлт хийж байгаль орчноо хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэхийг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана | ||
Үзсэн: 188 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.