
Израил улс Египетээс Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламжийн цуваа оруулахыг зөвшөөрсөн байна.
"Хамас"-ын эсрэг дайн зарласан Израилын Засгийн газар зэвсэгт хямрал эхэлснээс хойш 12 дахь хоног дээр ийнхүү анх удаа, гэхдээ тодорхой болзлуудтайгаар хүмүүнлэгийн тусламж оруулахыг зөвшөөрсөн байна.
Израилын бөмбөгдөлт тасралтгүй үргэлжлэхийн хэрээр Газын зурваст хүмүүнлэгийн нөхцөл байдал улам дордож, нэг сая шахам хүн орох оронгүй болсон гэдэг мэдээллийг НҮБ-аас өгч байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарын хэлэлцээний араас Жо Байден Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиситэй утсаар хэлэлцээ хийснээр Еипетийн тал хилээ нээж, хүмүүнлэгийн тусламж ачсан 20 хүртэл тооны ачааны машиныг эхний ээлжинд гаргахаар зөвшөөрсөн байна.
АНУ, Египетийн эрх баригчид энэ үйл ажиллагаагаа НҮБ тэргүүнтэй олон улсын байгууллагуудтай уялдуулахаар тохирчээ.
Харин Израилын тал тусламжид зөвхөн Газын зурвасын өмнөд хэсэгт байгаа энгийн иргэдэд хүргэх хүнс, ус, эм бэлдмэл багтах ёстой гэдэг шаардлага тавьсан байна.
НҮБ-ын талаас харин тог цахилгаангүй нөхцөлд түлшний хэрэгцээ маш их байгаа гэдгийг хэлж байна.
Израилын эрх баригчид тэрчлэн тусламж "Хамас"-ын дайтагчдын гарт орох явдал хэрхэвч гаргуулахгүй гэж мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч "Хамас"-ын дайтагчид тусламжийг замаас нь булаах явдал гарвал энэ ажил зогсох эрсдэлтэйг анхааруулжээ.
Энэ зуур "Хамас" болон Израилын хүчнийхний хоорондох тулаанд хоёр талаас 4800 гаруй хүний амь эрсэдсэн, үүнээс 3400 гаруй нь Газын зурваст, 1500-аад нь Израилд тохиолдсон байна.
Мөн Израилын талаас Газын зурвасыг үргэлжлүүлэн бөмбөгдсөөр байгаагаас 1300-аад хүн, түүний дотор 600 хүүхэд сураггүй болсон тухай Газа хотын Эрүүл мэндийн албаныхан мэдээлж байна.
Мөн Газа хотын эмнэлэгт дэлбэрэлт болсноос амь үрэгдсэн хүний тоо 471-т хүрсэн тухай мэдээлжээ.
"Хамас" бүлэг энэ дэлбэрэлтийг Израилын довтолгооноос болсон гэж мэдэгдэж байгаа бол Израилын тал Палестины “Исламын жихад” нэртэй өөр жижиг бүлгийнхэн пуужин алдаж харваснаас болсон гэж нотолж байгаа юм.
Амин чухал хэрэгцээт ачаа тээсэн хэдэн зуун ачааны машин Газын зурвастай залгаа Египетийн Рафа боомт нээгдэхийг хүлээж олон хонож байгаа юм. Наанадаж 300 мянган хүнд хүрэлцэх тусламж хил нээгдэхийг хүлээж байгаа талаар ДЭМБ өмнө нь мэдээлж байсан юм.
Мөн Рафа боомтын ажиллагаа хэвийн үргэлжлэх нөхцөлд Газын зурваст гацсан гадны иргэд, хоёр иргэншилтэй иргэд энэ боомтоор дамжин гарч болно гэдгийг мэдэгдсэн байна.
Харин Палестины дүрвэгчдийг хүлээж авахгүй гэдэг байр суурийг Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси Каирт хүрэлцэн очоод байгаа Германы канцлер Шольцтой хамтарсан хэвлэлийн хурлын үеэр дахин илэрхийлсэн байна.
Израил улс Египетээс Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрөв | ||
Үзсэн: 611 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.