
Израил-Хамасын дайнаас үүдэлтэй онц ноцтой нөхцөлд байгаа Газын бүс рүү өнөөдөр Египетийн Рафа боомтоор хүмүүнлэгийн тусламж ачсан эхний хорин ачааны машин нэвтэрнэ гэж мэдээлж байсан ч тусламж өнөөдөртөө амжиж хил нэвтрэхгүй байх өндөр магадлалтай байгааг олон улсын эх сурвалжууд мэдээлж байна.
Амьжиргааны наад захын хэрэгцээ, эрүүл мэндийн тусламж авч чадахгүй байгаа Газын зурвас дахь 2.3 сая иргэнд энэ бол туйлын тааламжгүй мэдээ болж байна.
Тусламж хил нэвтрэхэд Израилын дайралтаас үүдэлтэй нурж сүйдсэн боомтын зам харгуй, барилга байгууламжууд саад болж байна гэж олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд тайлбарлаж байна.
Одоогоор тусламж хил нэвтрэх боломжит ойрын хугацаа маргааш буюу бямба гарагт гэдгийг АНУ-ын Рафа боомт дахь хяналтын албанынхан мэдэгдсэн байна.
Израилын зүгээс Газын зурвас руу нийлүүлэх цахилгаан эрчим хүч, түлш, хоол хүнсний бүх хангамжаа Хамасын халдлагатай холбоотойгоор зогсоосон.
Харин өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израил болон Египетийн эрх баригчидтай зөвшилцөж, Египетийн Газтай хиллэдэг Рафа боомтоор тусламжийн нөөц оруулахаар болсон.
Гэхдээ тусламж ингэж оройтож байгаа одоогийн нөхцөлд хүмүүнлэгийн тусламж энэ долоо хоногтоо багтаж Газын бүс рүү нэвтэрлээ ч тэнд байгаа иргэдэд амин чухал үед нь хангалттай тусламж болж чадах эсэх эргэлзээтэй гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Түүнчлэн хүмүүнлэгийн тусламжийг Газын зурвас руу оруулах нь олон улсын номер нэг асуудал болоод байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын төлөөлөгчид хэлж байна.
Хэрвээ Рафа боомтоор чөлөөтэй нэвтрэх боломжтой болчихвол өдөрт наанадаж тусламж ачсан 100 ачааны машин нэвтрүүлэхээр хангамжаа бэлтгэн ажиллаж байгаа юм байна. Хүмүүнлэгийн тусламжийн барааны дунд түлш байхгүй гэдгийг мөн дурдсан байна.
Газын зурвас дахь эмнэлгүүдэд нэн яаралтай хэрэгтэй байгаа зүйл нь түлш, эрчим хүч. Үүнийг Израил улсаас ханган нийлүүлэхийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас шаардаж байгаа юм байна.
Хамас бүлэг Израил руу гэнэтийн довтолгоо хийснээс хойш Израил улс цэргийн хүчээ Газын эргэн тойронд буюу усан хил, хуурай хил, агаарын хил гээд бүх газарт байршуулаад арав гаруй хоног болж байна.
Энэ хугацаанд Газын бүс дэлхий ертөнцөөс үндсэндээ бүрэн тусгаарлагдаж, ямар ч хангамжгүй нөхцөлд нөхцөл байдал улам хүндэрсээр байна гэдгийг НҮБ-ын зүгээс хэлж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хүмүүнлэгийн энэ хямралыг таслан зогсоохын тулд Израилыг гал нээхээ больж, Хамас бүлгийг барьцаанд байгаа 200 орчим хүнийг суллахыг шаардан, хоёр долоо хоногийн турш гал зогсоохыг уриалсан байна.
Рафа боомтоор дамжих хүмүүнлэгийн тусламж хойшилж магадгүй байна | ||
Үзсэн: 1036 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.