Шууд Chart

Сэлэнгэ: Сүрьеэгийн эрт илрүүлэгт хиймэл оюун ухаанд суурилсан рентген оношилгоог нэвтрүүллээ

2023-11-07 14:09:25

Сэлэнгэ аймаг хиймэл оюун ухаанд суурилсан “Сүрьеэгүй Сэлэнгэ 2” хөтөлбөрийн шинэчилсэн төлөвлөгөөг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж, батлагдсан хуваарийн дагуу энэ сарын 6-наас Алтанбулаг суманд эрт илрүүлэх үзлэг, оношлогоог хоёр өдрийн турш зохион байгуулав.

Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 16 дугаар хуралдаанаар “Сүрьеэгүй Сэлэнгэ 2” арга хэмжээний шинэчилсэн төлөвлөгөөг баталж, улмаар зөөврийн дижитал рентген аппаратад суурилсан хиймэл оюун ухааны тусламжтай шинэ технологийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээндээ нэвтрүүлэхээр болсон.

Зөөврийн дижитал рентген аппаратад суурилсан хиймэл оюун ухааны тусламжтайгаар 10 төрлийн уушгины өвчлөл болох ателектаз буюу уушги шалчийх, уушгины шохойжилт, уушгины нэвчдэст үрэвсэл, уушгины соривжилт, уушгины голтын өөрчлөлт, гялтангийн үрэвсэл, гялтанд хий хурах, зангилаа болон зүрх томрох, ходоод гэдэсний цооролтоос үүдэлтэй хэвлийн хөндийд агаар, хий үүсэх зэрэг эмгэг өөрчлөлтийг богино хугацаанд оношилж, баталгаажуулж байгаа юм.

Манай улсад уг технологийг АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэг, Интермед болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд суурин рентгений тусламжтай ашиглаж байгаа бол Сэлэнгэ аймаг орон нутагт зөөврийн дижитал рентген аппаратыг нэвтрүүлсэн анхдагч болж байна.

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас цаашид 17 сум, зургаан тосгонд хуваарийн дагуу эрт илрүүлэх үзлэг, оношлогоог зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сэлэнгэ: Сүрьеэгийн эрт илрүүлэгт хиймэл оюун ухаанд суурилсан рентген оношилгоог нэвтрүүллээ  
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй