Шууд Chart

Ш.Цогтхүү: Морьт харваагаар хичээллэхэд хүйс харгалзахгүй

2023-11-07 16:25:54

Монголын морьт харваачдын холбооны тэргүүн, “Хан Монгол” клубыг үүсгэн байгуулагч Ш.Цогтхүүтэй цөөн хором ярилцлаа. 

-Монгол Улсад морьт харваа хэзээнээс хөгжсөн юм бэ?

-Анх Морин сур холбооны нэртэйгээр 2002 онд байгуулагдаж байсан. Жилд нэг удаа Улсын аварга шалгаруулах тэмцээн, хоёр жилд нэг удаа бага хэмжээний олон улсын тэмцээнийг зохион байгуулдаг байсан.

Гадаад болон дотоодын морьт харвааны тэмцээнд манай залуус оролцож эхэлсэн. Энэ үеэс морьт харвааны спортын хөгжил эхэлсэн гэж боддог. Шинэ спорт юм шиг боловч даншиг наадмын төрөлд оролцож байсан үндэсний спортын төрөл юм. Түүхээс сонирхвол, Богд хаант засгийн үед бөмбөг намнаа гэдэг харвааны төрлөөр морь унадаг эрэмгий залуусыг сонгон шалгаруулаад, тусад нь сургаж бэлдэн даншиг наадамд оролцуулдаг байж л дээ. 2002 оноос эрчимтэй хөгжиж, манайхан гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцож, сүүлийн 10 жилд олон улсад морьт харваачдын нэр хүнд өссөн.

-Морьт харваагаар хичээллэхэд ямар ур чадвар шаарддаг вэ. Манай улсад энэ спортоор хичээллэдэг хүн хэр олон бэ? 

-Морьт харвааны спорт гэдэг нь морь, нум сумтай салшгүй холбоотой. Бэлтгэл сургуулилалт хэр хийж байгаагаас их шалтгаалдаг. Манай улс морьт харваа хөгжих хамгийн боломжтой улс юм. Өвөг дээдсээс өвлөсөн  тулаанч зан морьт харвааны спортод их шингэсэн байдаг гэж боддог. Тиймээс сүүлийн үед манай залуус их шимтэн сонирхож байна.

- Охид, эмэгтэйчүүд ер нь хэр их сонирхож хичээллэдэг вэ?

-Дэлхий дахинд морьтой спортуудад жендер байдаггүй. Унаачдад хүйс хамаарахгүй. Охид, эмэгтэйчүүд амжилт их гаргадаг шүү. Насны хязгаар зааг байхгүй. Одоо ид хөгжиж байгаа спорт учраас алдаа оноо ихтэй л байх. Бидний харвадаг нум, сум зэвтэй учраас эрсдэл ихтэй. Тодорхой хэмжээний сургалтад сууж, давтлага сургуулилалт тогтмол хийж байж амжилт гаргадаг. 

-Та хэдэн жил морьт харваагаар хичээллэж байна вэ?

-Би циркийн урлагийн мэргэжлийн хүн. Циркийн урлагтай холбогдоод 40 гаруй жил болж байна. Манай циркийн үзүүлбэр дотор морьтой давхиж, нум сум харвадаг үзүүлбэрийн төрөл байсан. Ингээд л хичээллэж эхэлсэн юм. Нийтийг хамарсан үндэсний спортын төрөл болгож хөгжүүлэхийг зорьж байна.

Монголын морин харвааг хөгжүүлэхдээ бид салбар клуб байгуулах, материаллаг бааз сургалт хэрэглэгдэхүүнээр хангах, үндэсний спортын нэг төрөл болгож, Төрийн наадамд оролцуулах гол зорилго тавиад байгаа.

Энэ жил есдүгээр сард Дэлхийн морьт харваачдын тэмцээнийг эх орондоо зохион байгуулж чадлаа. Үүнд дэлхийн 26 орны 80 гаруй шилдэг харваач оролцож, хурд хүчээ сорин өрсөлдсөн.

-Төр засгийн зүгээс дэмжлэг хэр байдаг вэ?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад тодорхой хэмжээгээр төр, засаг дэмжиж тусалж ажилласан. Олон улсын “Хийморь” морьт харвааны тэмцээнийг зохион байгуулахад Нийслэлийн Аялал Жуучлалын газар их дэмжсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Соёлын яам дэмжиж ажилласан.

-Гадаадад тэмцээнд оролцож байгаа тамирчдын зардлыг холбооноос даадаг уу?

-Шинэ хөгжиж байгаа спорт гэдэг утгаараа манай тамирчид өөрсдөө бор зүрхээрээ л тэмцээндээ бэлдэж явдаг. Морьт харвааны холбооны зүгээс амжилт гаргасан тамирчдаа дэмжиж, дэмжигч байгууллага олохыг хичээдэг. 

-Ирэх арванхоёрдугаар сард Саудын Арабын Хаант Улсад зохион байгуулагдах Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан тамирчдын бэлтгэл хэр байна вэ.  Нийт хэдэн тамирчин оролцох билээ?

-Энэ удаагийн тэмцээн нь Дэлхийн морьтон харваачдын холбооноос зохион байгуулж байгаа тэмцээн юм. Цар хүрээ нь арай өргөн гэсэн үг. Улс орныг бүсчилж зохион байгуулагддаг. Малайз улсад зохион байгуулсан тэмцээнд манай тамирчин О.Түмэнбаяр, П.Пүрэв-Очир, Э.Эрдэнэ нар нэг сэлгээний тамирчинтай дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй маш амжилттай оролцсон. Тэд бүсчилсэн тэмцээндээ түрүүлж, аварга болсон.

Яг энэ багаараа Саудын Арабын Хаант Улсад болох тэмцээнд оролцоно. Солонгос улсын Чэжү аралд манай салбар "Хан Монгол" морьтны клуб байдаг. Тэнд тамирчдын нэгдсэн бэлтгэлийг хийлгэж байна. Тэмцээн 12 дугаар сарын 14-17-ны хооронд үргэлжилнэ. 

 

Нийтэлсэн: Т.Урангуа

Ш.Цогтхүү: Морьт харваагаар хичээллэхэд хүйс харгалзахгүй  
Үзсэн: 4616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй