
1921 оны үеэс хил хязгаар, нутаг дэвсгэрээ харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх, түүнийг хамгаалах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах, гадаадын аливаа халдлагаас сэргийлэн хамгаалах асуудлыг ардын засгийн газар ээлж дараагаар авч хэлэлцэн шиидвэрлэж эхэлжээ. Энэ үеэс л эх орны дорнод хязгаар тайван бус байлаа. Энэ тухай 1921 оны 12 дугаар сарын 2-ний өдөр хуралдаж гаргасан “Зүүн хязгаарын цэргийг нэмэх тухай олон яамны сайд, засгийн газрын эрхэлсэн түшмэл нар хуралдаж зөвлөлдөн тогтоосон 30 дугаар хурлын тогтоол”, 1921 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн “Зүүн хязгаарт халдагсадын тухай засгийн газраа олон яамны сайдууд хуралдсан 27 дугаар хурлын тогтоол”-оос тодорхой дүгнэж болохоор байна. Тухайн үед хөрш зэргэлдээ орших Хятад улсын дотоодын улс төрийн байдал ч мөн тогтворгүй байж, хувьсгалаас дүрвэн гарсан цагаан цэргүүд, Хятадын цэргийн янз бүрийн бүлэглэлүүд зүүн хойд Хятадыг түйвээн бусниулах ажиллагаа явуулж байсан нь шинэ тусгаар улсын аюулгүй байдалд занал учруулж байлаа.
Япон улс нь чухам энэ үеэс буюу 1920-иод оны дундаас Дорнод Ази дахь улс төрийн бодлогынхоо үндсэн зарчмыг тодорхойлж, ОХУ-ын Алс дорнод, Зүүн хойд Хятад, Монгол Улсыг эзлэх дайны төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн байдаг. Хожим түүхэнд Танакагийн меморандум /1927/ хэмээн тэмдэглэгдсэн Манжуур, Монголын асуудлыг цэрэг зэвсгийн хүчээр шийдэхийг хүлээн зөвшөөрсөн Ази, түүний дотор БНМАУ-ын эсрэг Японы зүгээс цэрэг стратегийн түрэмгийлэл хийх хөтөлбөр энэ үед боловсруулагдсан хэмээн эрдэмтэн түүхчид үздэг. Цагийн байдал хурцдаж эхэлсэн энэ үед 1928 оны Засгийн газрын 29 дүгээр тогтоолоор Дорнод хилийг ардын цэргийн хүчээр хамгаалуулах болсон бөгөөд төр засгаас хил хамгаалалтыг бэхжүүлэх, цэргийн албан хаагчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон ажил зохиож байжээ.
Энэ үед Японы түрэмгийлэгчид Зүүн хойд Хятадыг эзлэн авч улмаар Монгол Улсын эсрэг өдөөн хатгалгаа улам идэвхижүүлж эхэлсэн байна. Японы талаас Монгол Улсын нутаг дэвсгэрт халдах бэлтгэлийг хангах зорилгоор манай хилийн ойролцоо онгоцны буудал, төмөр зам байгуулах, цэргийн хүчийг бөөгнөрүүлэх, өдөөн хатгах зорилгоор зэвсэглэсэн этгээдүүд хил зөрчих, хилийн харуул манаатай буудалцах, сөрөг ухуулга, цуурхал тараах, хил орчмын нутагт тагнуул хийх ажиллагаагаа эрс эрчимжүүлж эхэлсэн үе бол 30-д оны дунд үе байна. Тухайлбал 1935 оны 1-р сард Халхын сүмийн чиглэлээр зэвсэглэсэн хил зөрчигчид хил нэвтрэн ирж, хилийн манаагаа эргэхээр явж байсан 6-р дивизийн 16-р морьт хорооны штабын дарга Д.Дондов нарын 5 дайчидтай тулгаран буудалцаснаас Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Д.Дондог, Г.Янжив нар амь эрсэдсэн бөгөөд уг тулгаралт болсон газраас Японы цэргийн 3 албан хаагчдын цогцос олдсон нь манай нутагт устгагдсан Япон цэргүүдийн анхдагч нь болжээ.
Халхын сүмийн чиглэлд болсон өдөөн хатгалга, тулгаралтын асуудлаар БНМАУ, Манж гогийн хооронд мөн онд Засгийн газар хоорондын бага хурлыг хийж, хилийн асуудлыг шийдвэрлэж байх үүрэг бүхий хамтарсан хилийн комиссыг байгуулах асуудлыг хэлэлцсэн боловч тодорхой тохиролцоонд хүрч чадаагүйгээс хэлэлцээр зогссон байна. Энэхүү хэлэлцээр тасалдсанаас хойш 4 хоногийн дараа буюу 1935 оны 11-р сарын 29-нд Булан дэрсний харуулын чиглэлээр Япон-Манжгогийн цэргүүд давуу хүчээр гэнэдүүлэн дайрч, тус заставын 18 хүний амь насыг хөнөөгөөд буцаж гарчээ. 1936 он гараад уг чиглэлээр харийн түрэмгийлэгчид удаа дараа их хүчээр дайрч дорнод хилийг хамгаалагчид тэдний эсрэг олон удаа хүч тэнцвэргүй тулалдаанд орж байв.
Тухайлбал, 1936 оны 1-р сарын 28-нд Булан дэрсний Цагаан ухаагийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан Ш.Гонгор ахлагчтай 3 хүнтэй манаа руу хил нэвтрэн ирсэн дайсны зэвсэгт бүлэг давуу хүчээр довтолжээ. Гэвч Ш.Гонгор өөрөөсөө хэд дахин илүү хүчтэй дайсны гэнэтийн халдлагыг уран арга хэрэглэн няцааж, зэр зэвсгийг нь олзлон авчээ. Ингэж эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, баатарлаг гавъяаг байгуулсны учир Ш.Гонгорыг Цэргийн гавьяаны 1-р зэргийн одонгоор шагнаж хожим түүнд БНМАУ-ын баатар хэмээх эрхэм цолыг хүртээсэн байна. /Доктор Ш.Арвай. Улсын дархлагдсан хил хязгаар 83/
Манай улсын төр засгийн зүгээс үүсч буй нөхцөл байдалтай уялдуулан олон дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан ба 1936 оноос эхлэн СнЗ-ын 25-р хурлын тогтоолоор цэргийн алдар цолыг Хязгаарын цэргийн албан тушаалтнуудад олгож эхэлсэн байна. Мөн ЦАХ-ын нийгмийн асуудлыг сайжруулах зорилгоор хангалтыг сайжруулах, цалинг удаа дараа нэмэх, ЦАХ-ын ар гэрт тусламж дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлт, цалинтай чөлөө олгох зэрэг олон арга хэмжээг авч байжээ.
Дорнод хязгаарт Халхын голын байлдааны өмнө хоёр талаас хамгийн их хүн хүч, зэвсэг техник оролцсон байлдааны ажиллагаа нь 1936 оны 3-р сард болсон Адаг дулааны орчим болсон тулгаралт билээ. Япон манжийн талаас 90 гаруй машин, 12 танк, 7 тооны нисэх онгоц бүхий 1000 гаруй хүн, монголын талаас Баянтүмэн дэх нисэх отряд, хуягт суман, ЗХУ-ын хүнд пулемётын салаагаар хүч нэмэгдүүлсэн 5 машин бүхий отряд 4 машинтай хөнгөн пулемёт бүхий моторжуулсан суман, сэлэмт салаа оролцсон байна. Энэ тулалдаанд манай талаас 13 хүн амь үрэгдэж, 38 хүн шархдаж, 3 хуягт эвдэрснээс 1 хуягт нь дайсанд олзлогджээ. Дайсны талаас 100 гаруй хүн алагдаж, 2 танк, 1 онгоц, 40 гаруй машин жагсаалаас гарсан байна. /доктор. Э.Лувсанбалдан МУДХХ /
Энэ байлдаанд гавьяа байгуулсан олон хүн төрийн дээд одон медалиар шагнуулсан байна. Тухайлбал: Онцгой гавьяа байгуулсан нисгэгч Д.Дэмбэрэлд зоригт баатар цол, 35 хүнийг Улаан тугийн одонгоор шагнасан байна.
Энэ хүнд хэцүү цагт 1936 онд ЗХУ-тай улс төр, цэргийн салбарт бие биедээ харилцан туслах гэрээ байгуулсан нь тухайн үеийн Монгол Улсын хувьд улс эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолынхоо баталгааг хангахад онцгой чухал ач холбогдолтой гэрээ болсон байна.
1937 оноос Япон-Манж гогийн тал манай хилийн ойролцоо цэргийн хээрийн сургууль хийж, бие бүрэлдэхүүндээ Халхын гол орчмын газар орныг танилцуулж дайны бэлтгэлээ хангаж эхэлжээ.
Мөн тэдний зүгээс Монголын талд элдэв цуу, ухуулга хуудас тарааж, Монгол улсын удирдагчдаас Японы талд элэгтэй, дэмждэг хүмүүс байдаг мэт ойлголтуудыг төрүүлэхийг хичээх болсон бөгөөд энэ нь бие бүрэлдэхүүний дунд хардалт сэрдэлтийг бий болгож, тухайн үеийн цэрэг, улс төрийн зүтгэлтнүүдийг хэлмэгдүүлэх ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулсан байдаг.
Улс орны эдийн засгийн байдал, чадавхиас шалтгаалан хил хамгаалах мэргэжлийн цэрэг Хязгаарын цэргийг 1933 онд байгуулахдаа баруун, өмнөд, зүүн өмнөд хилийг хариуцуулсан ч 1938 оны хүртэл дорнод хилийг Монгол ардын хувьсгалт цэрэг хамгаалж байсан ба дорнод хилд цэрэг улс төрийн байдал хурцдаж, МАХЦ-ийн бие бүрэлдэхүүний байлдах чадвар, байлдааны бэлтгэлийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагын улмаас тэднийг хил хамгаалалтаас чөлөөлсөн байна. Ингээд 1937 оны БНМАУ-ын СнЗ-н 28-р тогтоолоор Халх гол, Тамсаг, Хэрлэнд шинээр хилийн цэргийн отряд байгуулах шийдвэр гаргасан байна. /доктор. Э.Лувсанбалдан МУДХХ/
Цэрэг улс төрийн дээрх ээдрээтэй нөхцөл байдалд хилчид Дорнод хилийг хамгаалах хариуцлагатай үүргийг биелүүлж эхэлжээ. Энэ үед буюу 1938 онд Япон Манж-гогын тал манай эх нутгаас Халхын сүм, Улаан худаг, Хуцын ар булаг зэрэг газруудыг булаан эзлэж, өөрийнхөө анги салбаруудыг байрлуулж байсан тус улсын хилийн шугамнаас 20-25-км-ийн зайтай хилийн цаана Хандгайт хошуу сүм, Амгалан урт худаг зэрэг газруудад техникийн ба цэргийн хүчийг бөөгнөрүүлэн Монгол Улсын хил хязгаар луу довтлох бэлтгэлээ хангаад байв. Дайсан этгээдийн зүгээс зэвсэглэсэн цэргийн бүлгүүдээр манай улсын хил хязгаарыг бараг өдөр бүр шахам зөрчиж, хилийн харуулуудтай буудалцан өдөөн хатгаж, дайран довтлох шалтаг хайж байв. /БНМАУ-ын баатар, хурандаа П.Чогдон гуайн дурсамж/
Чухам энэ үед Японы тал Монголын эсрэг түрэмгийллээ чухам ямар чиглэлээр үйлдвэл тохиромжтойг судалж, Шилийн худагаас Эрс уул хүртэлх 70 шахам км өргөн фронтоор довтолж, үүний дотроос гол цохилтоо Хайлаастын голын баруун зүүн эргийн Талын манхан, Номунхан, Бүрд-Овоог дайрч, Халхын голыг гарч, Баянцагаан, Хамар давааны чиглэлд өгөхөөр төлөвлөсөн байх магадлалтай.
Японы тал 1938 оны 11-р сард барын 1000 шахам өрх айлыг ... дугаар заставын хэсэг Хайлаастайн голын хоёр талаар хүчээр манай хилийн шугамаас дотогш 10 шахам км газар оруулж, өрх бүрд 2-3 зэвсэгт цагдаа цэргүүдээ байрлуулан, монголын хилээс нэн даруй гарахыг шаардахад эсэргүүцэн буудах зэргээр өдөөн хатгаж, улмаар дайн үүсэх шалтаг гаргахыг зорьж эхэлжээ. Гэвч хилчид шаргуу тэмцсэний үр дүнд 1938 оны 12-р сард манай хил хязгаарыг зөрчин ирсэн Японы цэргүүд болон япончуудын зүгээс хүчээр хил нэвтрүүлэн оруулсан баргын айл өрхүүдийг хилээс хөөн гаргаж чадсан байна. 1938, 1939 оны өвөл зүүн хязгаарт цас их унаж, хүйтний эрч -40 С градус хүрч онцгой хүйтэрч, хилийн заставууд түлэх түлш, агт морьдоо тэжээх өвсөөр дутагдах, хилчид хөлдөх, осгох зэрэг бэрхшээл олноор гарч байсан ч хилчид өдөр тутмын байлдааны үүргээ гүйцэтгэн хүйтэнд хөрч, дайсны хэд дахин илүү хүчтэй тулалдаж, бүх бэрхшээлийг эрэлхэг зоригтойгоор даван туулжээ.
Зөвхөн нэг жишээ дурдахад Халх голын отрядын Эрс уулын заставын хилчид 1938 оны 1-р сараас 1939 оны 5-р сарын 15-ныг хүртэл хугацаанд дайсны их бага 30 гаруй удаагийн дайралтуудыг няцааж эх орноо хамгаалж байв. Мөн 1938-1939 онд манай улсын хилийг зөрчин ирсэн 479 этгээдийг хилчид баривчилсны ихэнх нь тагнуулын зорилготой байжээ. / МУ-ын хил хамгаалалтын түүх 2/
Ингэж урт удаан хугацааны турш үргэлжилсэн хямралын дараагийн шат буюу оргил хэсэг нь 1939 оны 5 дугаар сарын 11-ээс эхэлдэг. Уг өдрийн өглөөгүүр Номун хан, Бүрдэн Овооны чиглэлээр Япон-Манж-гогийн миномёт, пулемётоор дэмжүүлсэн 200 цэрэг бүхий салбарууд хилээс дотогш холгүй зайд орших Бойтогт манханд үүрэг гүйцэтгэж байсан 10 хүний бүрэлдэхүүнтэй хилийн харуул руу дайрсан бөгөөд үүнийг Халхын голын байлдааны буюу зарлаагүй дайны эхлэл хэмээн тооцдог.
Халхын голын дайны түүх | ||
Үзсэн: 3969 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.