Шууд Chart

Шатахуун түгээх станцууд хэвийн ажиллаж байгаа гэсэн ч жолооч нарт "олдохгүй" байгаа бензин

2023-11-11 12:13:20

Нийслэлд шатахуун түгээх станцуудад машины урт дараалал үүссэн, зарим шатахуун түгээх станц зөвхөн өөрийнх нь карттай жолоочид үйлчилж, зарим нь "Шатахуун өгөхгүй" гэсэн бичигтэй цаас нааж, нэг хэсэг нь чанга яригчаар "Бензин байхгүй" гэж зарлаж байна. 

Энэ байдал нэлээд хэд хоног үргэлжилж байгааг анзаарлаа. Эрс хүйтэрсэн өдрүүдэд ч энэ асуудал намжсангүй. Өнгөрсөн өдрүүдэд цэцэрлэгийн хүүхдээ хувийн унаагаараа зөөдөг хүмүүс шатахуун түгээх станцуудын хооронд давхиж, урт дараалал үүсгэн байж бензин авч байснаа учирлаж байна.  

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт дуусч, ирэх даваа гарагаас хичээл эхэлнэ. Хүүхдээ сургуульд нь дулаан хүргэхийн тулд зарим ээж, аав өнөөдрөөс бензиний эрэлд гарах болж байна. Бид энэ сэдвийг сурвалжиллаа.    

Манай улсын шатахууны гол бэлтгэн нийлүүлэгч ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 22-ны өдрийн тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний экспортыг тодорхойгүй хугацаагаар хориглох шийдвэр гаргасан байдаг. 

Энэхүү шийдвэрийн дагуу есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 6-ны хооронд ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууны нийлүүлээгүй, импорт тодорхой хугацаанд саатсантай холбоотойгоор манай улсын дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж, нийлүүлэлт доголдох нөхцөл байдал үүсчээ. 

Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн ОХУ-аас Наушки-Сүхбаатар төмөр замын боомтоор манай улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн хэдий ч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байгаа аж. 

Ашигт малтмал, газрын тосны газраас "Нийлүүлэгч талаас аравдугаар саруудын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Сүхбаатар боомтоор орж ирэх газрын тосны бүтээгдэхүүнтэй вагоны тоо ихсээд байгаа юм. Иймд Ашигт малтмал, газрын тосны газраас хилээр орж ирсэн шатахуунтай вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих, гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, лабораторийн шинжилгээ хийхтэй холбоотой асуудлаар холбогдох талуудыг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 10:00 цагт "Толгойт" өртөөнд хийлээ. Уулзалтад Улаанбаатар төмөр зам, Гаалийн бүрдүүлэлтийн газар болон Гаалийн ерөнхий газрын төв лабораториос эрх бүхий албан тушаалтнууд оролцсон. Хил, боомт, өртөөдөд зогсож буй шатахуунтай 485 вагон (29,100 тонн)-ыг шуурхай татан авч, шатахууны хангамж тогтворжих хүртэл хугацаанд холбогдох талууд хамтарч ажиллахаар тохиролцсон" гэж мэдээлэв.

Гаалийн ерөнхий газрын удирдлагууд гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийхийн тулд салбар, нэгжүүд амралтын өдрүүдэд ч ажиллаж байгааг онцолж байна. Харин Улаанбаатар төмөр замаас хамгийн их ачаалалтай ажиллаж буй "Толгойт"-д нэмэлт сэлгээний ажлыг зохион байгуулж байгаа гэлээ.

Бид "Тэс Петролиум", "Super 92", "Содмонгол", "Петровис"-ын шатахуун түгээх станцуудыг зорьж очсон. ШТС-дын дийлэнх нь шатахууны татан авалт, түгээлт хэвийн байна гэж мэдээлж байна. 

"Super 92" Тасган салбарын Салбар хариуцсан менежер Д.Нармөнх "Бид үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. АИ-92 2340 төгрөг, дизель-3650 төгрөг, Ахуйн газ-5000 төгрөг, LPG -1790 төгрөгийн ханштай байна. Шатахууны тээвэрлэлт, түгээлт шуурхай, жолооч нартаа хэвийн горимын дагуу хэрэгтэй шатахууныг нь түгээж ажиллаж байна" гэлээ.

"Содмонгол" ШТС-ын Салбар хариуцсан эрхлэгч Ш.Гандолгор ""Роснефть”-ээс манайх бензинээ авдаг. Манайд шатахуун 3-4 хоногийн нөөцөөр ирдэг юм. АИ-92 2390 төгрөг, АИ-95 3710, дизель-3690 төгрөгийн үнээр борлуулагдаж байна. Дөрөв хоноод л бензин ОХУ-аас ирдэг" гэв. 

"Тэс Петролиум"-ын ажилтан Б.Батхишиг "Манай үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Бид иргэддээ шатахуун, түлшээ хэвийн өгч байна. Шатахуун, дизель түлшний хэрэглээ ер нь эрэлттэй байна" гэсэн бол "Петровис" шатахуун түгээх станцын ажилтан Т.Батбаатар "Өчигдөр 18.000 тн шатахуун ирсэн. Намайг ээлж хүлээж авахад 7 тн байсан. Яг одоо /өчигдөр өдөр 14 цагийн үед/ АИ-92 дууссан байна. Өнөөдөр мөн шатахуун ирж байгаа. Шатахууны тээвэрлэлт хэвийн, түгээлт шуурхай байгаа" гэлээ. 

Шатахуун авч байсан зарим зарим жолоочтой уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.  

Жолооч С.Баяр "Сүүлийн арваад хоног бензиний чанар эрс муудсан гэж би бодож байна. Машин доголдоод, ер явахгүй байна. Тааруу бензин шахаад байна гэж хардаж байгаа шүү. Оочерлож байгаад ямар ч байсан шатахуунтай болоод л байна" гэлээ.

Жолооч У.Хишигсүрэн "Би хүүхдүүдтэйгээ хотын төвөөс хол амьдардаг. Зарим колонк бензин байхгүй гээд өгөхгүй байгаа болохоор хаширлаад сая 80000 төгрөгт АИ-95 шатахуунаар банкаа дүүргэлээ. Өвөл шатахуун их зарцуулдаг болохоор аль болох банкаа дүүрэн байлгахыг хичээдэг. Заримдаа ч тэгээд чадахгүй юм даа. Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн газраар орсон ч бензин авч чадаагүй. Карттай үйлчлүүлэгчдээ өгнө гээд халгаахгүй байсан. Харин эднийх өнөөдөр зүгээр өгч байна" гэж ярилаа. 

Тэрбээр "Содмонгол" шатахуун түгээх станцаар үйлчлүүлээд хөдөлсөн юм. 

Харин "Петровис" шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байсан жолооч Д.Пүрэвдаваа "Би 100 мянган төгрөгт АИ-95 авч байна. 25 литр шатахуун хийчихвэл 3-4 хоногтоо бол хүрдэг л юм. Одоо хүүхэд амарчихсан болохоор зөөхгүй байна. Ажил төрөл бага бол шатахууны хэрэглээ буурчихдаг. Их бол нэмэгдэнэ гээд сар бүр харилцан адилгүйгээр бензиндээ мөнгө зарцуулдаг" гэв. 

Ер нь шатахуун олдсон дээр нь банкаа дүүргэх сонирхол жолооч нарт байна.  

Улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 7-ны байдлаар нийт 85.073 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2510 тн, АИ-92 автобензин 27.164 тн, АИ-95 автобензин 6466 тн, Дизель түлш 44.272 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 15 хоног, АИ-92 автобензин 22 хоног, АИ-95 автобензин 33 хоног, Дизель түлш 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байлаа.  

Тодруулбал, баруун бүс 8076 тн, хангайн бүс 4377 тн, төвийн бүс 14.009 тн, зүүн бүс 3533 тн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байгааг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлээд байна. 

Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2,021.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна.

Үүнээс А-80 автобензин 20.5 мян.тн, АИ-92 автобензин 575.1 мян.тн, АИ-95/98 автобензин 16.3 мян.тн, Дизель түлш 1,100.6 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 49.4 мян.тн, Жет А-1 түлш 41.0 мян.тн, бусад бүтээгдэхүүн 218.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолжээ. 

Нийтэлсэн: Т.Урангуа

Шатахуун түгээх станцууд хэвийн ажиллаж байгаа гэсэн ч жолооч нарт "олдохгүй" байгаа бензин   
Үзсэн: 5261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй