Шууд Chart

Барилга барих зөвшөөрөлгүй зургаан байршлын зөрчлийг арилгалаа

2023-11-20 13:59:20

Авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний дагуу хотын өнгө үзэмж, дизайныг сайжруулах төлөвлөлт, барилгын суурь, нүх ухсан газрыг битүүлж аюулгүй болгох ажлын талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцууллаа.

Хотын төвийн хэсгийн 6.8 км гудамж, зам дагуу газрын зөрчлийг арилгахаар газар дээр нь ажиллахад 448 зөрчил илэрчээ. Үүнээс явган хүний зам руу түрж барьсан шат, довжоо 126, барилгын өргөтгөл 52, байнгын болон түр хашаа 23, жижиглэн худалдаа буюу ТҮЦ 35 байршилд, хоёр пасад байна. Эдгээрт шаардах хуудас хүргүүлжээ.

Мөн гол хоёр гудамж, зам дагуу дөрвөн байршилд 3.8 км явган хүний зам, зургаан байршилд 10 км дугуйн зам шинээр тавих шаардлагатай судалгаа гарсан байна. Түүнчлэн гудамж дагуух худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хаяг рекламын стандартыг мөрдүүлж, барилгын дээврийн өнгийг нэгэн жигд болгох шаардлагатай байгааг хэлж байлаа.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Орчны аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай захирамжийн дагуу Ажлын хэсэг байгуулагджээ. Ийн Улаанбаатар хотын суурьшлын бүс 35,200 га  нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор стандартын шаардлага хангахгүй хашаа барьсан, зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн үйлдэлд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулахаар ажилласан байна. Нийт 106 байршилд зөрчил илэрснээс 16 байршил нь барилгын зөвшөөрөл олгогдоогүй, 90 байршил нь барилгын үе шатны зөвшөөрөлтэй байжээ. Барилгын зөвшөөрөлгүй зургаан байршлын зөрчлийг арилгаж, ухсан нүх, барилгын суурийг битүүлэн арга хэмжээ авсан. Үлдсэн 10 байршилд зөрчлийг арилгах хугацаатай мэдэгдэх хуудас өгчээ.


Барилга барих зөвшөөрөлгүй зургаан байршлын зөрчлийг арилгалаа  
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй