Шууд Chart

Э.Энхпүрэв: Хүүхэд болгон математикч болох бүрэн боломжтой

2023-11-21 11:37:52

Монгол Улсын хамгийн өндөр IQ-тэй хүүхдээр шалгарч, 13-тайдаа их сургуульд элсэж, 21 насандаа Докторын зэрэг хамгаалсан Э.Энхпүрэвийг "Редакцийн зочин" буландаа урилаа. 

"Электрон жаал" нэрээр алдаршсан тэрбээр 2005 онд Ес-Эрдэм сургуулийг байгуулж, 2016 оноос хүүхдүүдийн математик болон англи хэлний хичээл хоцрогдлыг арилгах suraad.mn платформыг тун амжилттай хөгжүүлж явна. 

Боловсрол судлалын ухааны доктор, "Ес-Эрдэм" сургуулийн захирал Э.Энхпүрэвтэй ярилцлаа.   

-Таны хүүхэд наснаас яриагаа эхэлье. Үеийнхнээсээ түрүүлэн бага сургууль, их сургуулиа дүүргэж байсан. Энэ үеэ эргэн дурсвал?

-Нэгдүгээр ангид орохдоо уншиж, бичээд сурчихсан учраас мэддэг зүйл заагаад байхаар нь суугаагүй. Сургуулийн захиргаанд өргөдөл гаргаж нэгдүгээр ангиа алгасан, хоёрдугаар ангид дэвшин суралцаж байсан. Хоёрдугаар анги төгссөн зунаа гурав, дөрөвдүгээр ангийн хичээлийн агуулгыг үзээд, гэрээрээ ээжээрээ заалган давхар өөрөө бие дааж сураад тавдугаар ангид анги алгасч орж байсан.

Тэгээд тавдугаар ангидаа хагас улирал суухад бас мэддэг юм байсан /инээв/. Тэгээд зургаа, долоодугаар ангидаа бүтэн суугаад аравдугаар ангиа 12 настайдаа төгсч байлаа. Бусад хүүхдийн л адил хүүхэд нас минь өнгөрсөн. Өөрөөсөө дандаа ах, ахлах ангийн хүүхдүүдтэй сурч байсан. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, хүүхдүүдэд хичээл заадаг байлаа. Хичээл заана гэдэг чинь нэгдүгээрт, өөрийн хичээлээ бататгаж байгаа юм. Хоёрдугаарт, тухайн хүүхэдтэйгээ хамтраад суралцах арга зүй, технологийг эзэмшээд явж байсан юм байна лээ. Тэгээд л цаашдаа 15 насандаа их сургуулиа төгсөж, багшлаад л явж байсан даа.


 
-Одоо хүүхдүүд сууж сураагүй, бие даах чадвар нь сул гэх зэргээр шүүмжлэлд өртөж байна. Та үүнтэй санал нийлэх үү. Нас бага мөртлөө анги дэвшин суралцах нь хичээлдээ сайн ч, бие махбодын хувьд өөр байх нь ойлгомжтой?  

-Ялангуяа бага ангийн хүүхдүүдэд бол ялгаатай. Манай ангийнхан хэдийгээр ах, эгч байсан ч адилхан л тухайн үеийн стандартыг биелүүлээд явж байсан. Мэдээж бие махбодын хувьд ялгаатай. Өндөр, намханаас авахуулаад л ялгарна. Бусдаас аль болох хоцрохгүйн тулд бүх зүйлээрээ адилхан байхыг хичээдэг байлаа. Анх ШУТИС-д ороод нэгдүгээрт, миний эзэмших мэргэжил мөн үү биш үү гэж бодож байсан. Хоёрдугаарт бас гэр бүлийнхээ сургалтын төвийг байгуулаад явсан учраас багш болсон. Одоо хүртэл сургалт судалгааны ажил хийгээд боловсролын салбартаа ажилласаар явна. Арван настайгаасаа багшилсан гэхээр 20 гаруй жил хичээл заачихсан энэ салбартаа сургалт судалгаа хийгээд л явж байна даа.

-Хүүхдүүд бага ангиасаа математикийн хичээлээ ойлгохгүй явсаар тэр чигтээ хичээлдээ дургүй болох нь бий. Үүний шалтгааныг юу гэж бодож байна вэ? 

-2012 он хүртэл сургуульдаа математикийн багш, зарим тохиолдолд нийгмийн ухааны хичээл хүртэл ордог байсан. Нэг ёсондоо хорь гаруй жил багш, захирлаар ажилласан байна. 2012 оноос Сайдын зөвлөх, Боловсролын хүрээлэнгийн захирал, 2014 онд боловсрол судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалж, судалгааны байгууллага гурван жил удирдаж ажилласан. Түүнээс хойш байнга хүүхдүүдтэй ажиллаж ирсэн. 

Математикийн хичээлээр гол төлөв багшилсан юм. Эргээд харахад, математикийн хичээл бол их олон хичээлийн, маш олон мэргэжлийн суурь болж явдаг. Жилдээ л 35-36 мянган хүүхэд Элсэлтийн шалгалт өглөө гэхэд бараг 30 орчим мянган хүүхэд математикийн хичээлээр шалгалт өгдөг байх жишээний. Бараг 70-80 хувь нь гэсэн үг. Энэ маань юу хэлээд байна вэ гэхээр инженерийн, байгалийн шинжлэх ухааны эрэлт, хэрэгцээтэй мэргэжлийн суурь нь математик байдаг учраас хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалт олноороо өгдөг болов уу гэж боддог.

Хүн болгон математикч болох албагүй гэдэг. Гэхдээ хичээл гэдэг чинь өөрөө хүүхдийг хүмүүжүүлдэг. Хүүхэд багшийнхаа өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлж, эцэг, эхийнхээ үгэнд орно гэдэг чинь тэр хүүхдийн хүмүүжилтэй салшгүй холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд манай академик сургалтын чанар нэлээд унаж байна. Намайг 2000 онд анх хичээл зааснаас хойш математикийн хичээлийн сургалт яг хэвэндээ байна. Миний анзаарч байгаагаар бол манай улс цөөн хүн амтай, математик, байгалийн ухааны хичээлийн академик чадвар хоцрогдоод, муудаад байна гэдэг чинь ирээдүйд инженерүүдийн түвшин буурна гэсэн үг.

Улс орны цөм нь инженерүүд гэж ойлгодог. Тэгэхээр инженерүүд бэлтгэдэг гол суурь хичээл математик, байгалийн ухааны хичээлийн сургалтын чанар алдагдсанаар Монгол Улсын хөгжилд их том хоцрогдол ирээдүйд бий болох болов уу гэсэн айдас түгшүүртэй байна. Тийм учраас хүүхдүүд чухал хичээлүүддээ илүү анхаарах ёстой гэж миний хувьд бодож байна.

-Танай сургууль нэгдүгээр ангийн сурагчдад даалгавар өгдөггүй юм билээ. Яагаад тэр вэ?

-Зургаахан настай хүүхэд чинь хангалттай хэмжээний оюуны ачааллыг сургууль дээрээ авчихсан байдаг. Гэрийн даалгавар өгөхөөр хүүхэд ядарна. Тиймээс гэрийн даалгавар өгдөггүй. Багшийн өгсөн гэрийн даалгаврыг ээж, аав, ах, эгч нь зэрэг мэргэжлийн бус хүмүүс заахаар хүүхдүүдийг загнана. Ингэснээр хүүхэд өөрөө хичээлдээ дургүй болно. Нэг үгээр хэлбэл, хүүхэд айдастай болчихдог. Энэ нь сургалтын үйл явц, чанар, үр дүнд нөлөөлдөг. Манай сургуулийн нэгдүгээр ангийнхан 12 дугаар сарын дунд гэхэд л уншиж, бичээд сурчихсан байдаг. Хүүхдүүд гэртээ очоод сайхан амраг, тоглох бол тоглоод, агаарт гарах бол гараг гэж боддог.  

- Танай сургууль хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар IQ , EQ шалгаж авдаг уу?

-Хүүхэд халбага, сэрээгээ өөрөө барьж чаддаг л бол хүүхэд сурч чадна. Манай сургууль хүүхэд бүрт нээлттэй.

-Зарим хүүхэд хичээл таслаад байдаг. Энэ нь хүүхдийн сургалтын чанарт хэр нөлөөлдөг вэ?

-Нэг хүүхэд хичээлдээ 14 хоног ирэхгүй байхад хичээлээс шууд хоцордог. Багш нарт нөхөж заах боломж байдаггүй. Тэгэхээр боломж багатай айлын хүүхэд нэмэлт сургалт авч чадахгүй хоцордог гэсэн үг л дээ. Тэгээд л хүүхэд би математикийн хичээлд муу, энэ миний сурах хичээл биш гээд өөр чиглэл рүү хөрвөдөг. 

-Та хүүхдүүдийнхээ боловсролд хэр анхаардаг вэ?

-Хоёулаа бага ангид сурч байна. Одоо бол өөр шигээ анги дэвшүүлнэ гэж боддоггүй. Яг үзэх ёстой тэр ангийнхаа хичээлийн агуулгыг бүрэн дүүрэн эзэмшээд явж байх шаардлага тавьдаг. Намайг оролцуулахгүй өөрсдөө болгоод, суралцаад л байна.

-Та аялах дуртай юу. Ойрын үед юу төлөвлөж байна вэ?

-Ковидын өмнө боломж цаг зав гарвал явдаг байсан. Харин ковидоос хойш одоохондоо аялах зав гараагүй л байна.

-Ээж тань таны өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэж сонсож байсан. Төгөлдөр хуураа тоглож байгаа юу?

-Одоохондоо цаг зав гарахгүй, шахаж шаардах хүн байхгүй болчихоор ер нь тэгээд төгөлдөр хуураа одоохондоо тоглохгүй л байна даа.

-Сүүлийн үед хүүхдээ гадаадад төгсгөх сонирхолтой эцэг, эх олон болжээ. Гадны боловсрол сайн, дотоодын боловсролын систем тааруу гэх шүүмжлэл байдаг. Таны бодлоор манай боловсролын систем ямар байна вэ? 

-Мэдээж гадагшаа сурах нь өөр орчинтой танилцана, өөр хүмүүстэй танилцана, олон улсын соёлд суралцана гээд маш олон давуу талтай. Гэхдээ гадагшаа сурахаар явахад ямар хөтөлбөрт хамрагдах гэдэг нь бас чухал асуудал байдаг. Гадагшаа суралцахаар явахад нарийн мэргэжлийн эмч, инженер, нарийн мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа бол том давуу талтай байна.

Гадаадад манайд эрэлт хэрэгцээтэй мэргэшсэн боловсон хүчин бэлтгэгдчихсэн мэргэжлээр суралцсанаас бараг Монголдоо боловсорч, мэргэшсэн нь дээр ч юм шиг санагддаг.

Монголдоо дээд боловсрол эзэмшээд, карьер хөөгөөд явчихсан нь илүү дээр шүү дээ. Харин нарийн мэргэжлээр буюу эмч, био технологич гэх мэт байгалийн шинжлэх ухаан дээр суралцвал илүү үнэ цэнтэй зүйлийг бий болгох юм болов уу гэж бодож байна. Мэдээж гадагшаа явж боловсрол эзэмшихийг би дэмждэг. Өөр хэл, өөр соёл суралцаад ирнэ гэдэг нь давуу тал л даа.

-Та өөрөө бие дааж суралцсан. Таныг хүндэлж явдаг хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?

-ЕБС-дад зааж байгаа үндсэн хичээлүүд дээрээ анхаарах нь зүйтэй. Эдгээр хичээлүүд хүүхдийн сэтгэн бодох чадвар, IQ, EQ зэргийг хөгжүүлж байдаг. Манай эцэг, эхчүүд үндсэн сургалтыг нь орхиод нэмэлт сургалтын хөтөлбөрүүдэд хамруулаад байдаг нь алдаа юм. 

Уг нь шинжлэх ухааны үндэстэй энэ агуулгууд чинь олон зуун жил туршигдаад, хэрэгжээд ирчихсэн, ЕБС-дад заавал орох хичээлүүд гэж байгаад байгаа нь учиртай. Тиймээс үндсэн сургалтад заавал анхаарах ёстой.

Ингэж чадвал хүүхэд сурлагын хоцрогдолгүй, хүмүүжилтэй, эцэг эхчүүдийн хүсээд байгаа чадваруудыг эзэмшчихдэг. Тийм учраас хүүхдүүдээ хичээл номдоо анхаараарай. Мэдээлэл хангалттай байгаад байна, мэдээллийг мэдлэг болгох, ур чадварыг л өөртөө бий болгоорой гэж хүсэх байна.

Дэлхий нийтээрээ цахим хэрэглээ маш хурдацтай хөгжиж, сургалтын гоё орчинтой болоод, хүүхдүүд гар утас, таблет, ухаалаг самбарын тусламжтайгаар сурч, хөгжиж, боловсорч байна. Гэтэл манай зарим сургууль яг л хорьдугаар зууны үеийнхээрээ байгаа харагддаг. Мэдээлийн эрин зуунтай нийцсэн, мөн чанар сургалтын технологийн эрс шийдвэр хийхгүй бол болохгүй. Мэдлэгийг тухайн суралцагч өөрөө бүтээдэг. Түүнийг нь багш дасгалжуулдаг. Багш бол дөчин минутын турш бүх хүүхдэд ойлгуулж амжихгүй. Тиймээс хүүхэд болгонд тохирсон бие даан суралцахыг сургалтдаа дэмжих нь зүйтэй.  

-Сурагчдын хоцрогдлыг арилгах зорилготой математик, англи хэлний Suraad.mn платформ бүтээсэн байсан. Энэ ажил хэр ахиц дэвшилтэй байна вэ?

-Ярих нэг хэрэг. Өөрөө бий болгоод, түүнийгээ бусдад туршуулаад, бүтээл гаргана гэдэг цаг хугацаа, хөрөнгө мөнгө, оюуны ачаалал, хичээл зүтгэлийн үр дүн юм байна. Судлаач хүний нүдээр харахад би сурах арга барилыг л зөв эзэмшсэн хүүхэд болж таараад байгаа юм.

Тиймээс би хүүхдийн хичээлийн хоцрогдыг арилгах, бие даан суралцах, судалгааны ажил хийгээд Докторын зэрэг хамгаалсан. 2016 оноос бодит практик дээр энэ ажлаа эхэлсэн. Suraad.mn бол хүүхэд алдаад, алдаанаасаа өөрөө суралцдаг алхам алхмаар ахидаг платформ. Ийм алгоритимтэй. Үүн дээр багш яаж оролцох вэ гэхээр дата анализ буюу чиглүүлэгчийн ажлаа хийнэ гэсэн үг.

Өнөөдрийг хүртэл зургаа, долоон жил тасралтгүй хот, хөдөөгийн хүүхдүүдэд зааж сургаж, багшийн ачааллыг яаж багасгах вэ, сурагчдыг хэрхэн бие дааж суралцахад нь дэмжих вэ, мөн бидний зүгээс платформоо илүү яаж хөгжүүлэх вэ гэдэгт төвлөрөн ажиллаж байна. Хөвсгөлийн Эрдэнэбулган сумын төвийн хүүхдүүд хүртэл утас, таблетаараа тоогоо бие дааж сураад, компьютер дээрээсээ багш нь хүүхдээ хянаад, ажиллаж байна гэдэг бол сайхан зүйл шүү дээ.   

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Сургууль дээрээ голдуу байдаг. Багш нараа чиглүүлж ажиллана. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хөдөө, орон нутгаар сургалтын платформоо танилцуулаад, багш нартаа сургалтаа танилцуулаад их явсан. Хотод  байхдаа платформоо яаж сайн хөгжүүлэх тухай л төвлөрч ажилладаг.

-Хүүхэд насандаа Японы NHK телевизээр "Оны онцлох хүүхэд"-ээр тодорч байсан сайхан дурсамж танд бий. "Электрон жаал" нэрийг хэн өгсөн юм бэ?

-Японы NHK телевизийн NHK world smile 20 жилийн ойн хүрээнд хэд хэдэн улсаас хүүхэд сонгон шалгаруулж 20-25 минутын баримтат нэвтрүүлэг хийсэн юм. Энэ бол олон жилийн өмнө болсон үйл явдал л даа.  "Электрон жаал" нэрийг бол манай 10 жилийн ангийн хүүхдүүд өгч байсан юм.

-Залуу хүний хувьд цаашдын зорилго, зорилт юу байна вэ?

-Боловсролын салбарт ажиллаж байгаа хүний хувьд санал шийдэл дэвшүүлээд л ажиллана гэж боддог. Багш хүн бол шавь нараасаа сурдаг. Багш хүн бүгдийг чаддаг байх албагүй. Тиймээс олон жил хүүхдүүдтэй ажиллалаа, нилээн олон зүйлийг сурсан гэж бодож явдаг юм. Монгол Улсынхаа боловсролын салбарт шинэчлэл, чанарыг сайжруулна гэж хичээдэг. Энэ ажлыг хийх үүрэгтэй хүн гэж өөрийгөө боддог болохоор эх орондоо амьдарч, ажиллана. 

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Т.Урангуа

Э.Энхпүрэв: Хүүхэд болгон математикч болох бүрэн боломжтой  
Үзсэн: 12896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-24 16:03
Ээжийнхээ талаар юу бодож явдаг вэ? Ийм хэмжээнд хүрхэд чинь ээж нь хэрхэн тусалсан бол...Эмзэг сэдэв учир хариулахгүй байсан ч болно...
Зочин [127.0.0.xxx] 2023-11-24 15:18
Энхпүрэв гээч ...
Зочин [127.0.0.xxx] 2023-11-24 14:26
Сургуулийн талаар мэдээлэл авая
Д.Алимаа. Утас 99110673 [127.0.0.xxx] 2023-11-23 17:24
Энхбаяр багш ийм гоц авьяастай, онцгой хүмүүжилтэй, сод ухаантай хүн учраас л 10 жилийн сургууль байгуулж, эх орон, ард түмэндээ үнэлж баршгүй тус хүргэж, зүйрлэшгүй гавьяа байгуулж яваа хүн бна. Хэрэв би гудамжны хог олигтойхон түүж чаддаг бсан бол эмч биш хог түүгч болчихоод, элгэн түмэндээ илүү буян хийх бсан буйзаа. Энэ багшийн чадвар түмний хэрэгцээнд нийцсэн нь ховор аз завшаан шүү! Ийм хүнд ерөнхийлөгчийн албан тушаал ч багадна. Энэ ажлаа л хийж байх нь бидэнд хангалттай.
Зочин [127.0.0.xxx] 2023-11-22 16:47
Ийм мундаг байсан бол нэг муу арван жилийн сургуулийн захирал болоод байхдаа яадаг юм.
Зочин [127.0.0.xxx] 2023-11-27 20:30
Өөрийн нь үүсгэн байгуулсан хувийн сургууль нь шүү дээ, дүү минь.
Зочин [127.0.0.xxx] 2023-11-22 06:11
Ажилд нь амжилт хүсье. Хүүхдүүдийг инженер болоход туслаарай.
Уншигч [127.0.0.xxx] 2023-11-21 13:38
Ажилд нь амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2023-11-21 12:41
Amidrald Noloo buhii Hicheel Chadvar shu

Бидэнтэй нэгдээрэй