Шууд Chart

“Уламжлалт анагаах ухааны хөгжил-говийн бүст” анхдугаар чуулганыг зохион байгууллаа

2023-12-01 12:29:34

“Уламжлалт анагаах ухааны хөгжил-говийн бүст” анхдугаар чуулган арваннэгдүгээр сарын 25-28-нд Өмнөговь аймагт боллоо.

Чуулганыг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын уламжлалт анагаах ухааны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах “Нутгийн хишиг”, “Эрүүл Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газрын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол анагаах ухаан олон улсын сургууль, Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, “Уламжлалт анагаах ухаан эмч, судлаачдын нийгэмлэг”, “Монголын нэгдмэл анагаах ухаан нийгэмлэг”, “Тэжээхүй ухаан” ТББ хамтран зохион байгуулсан.

Анхдугаар чуулганы хүрээнд “Уламжлалт анагаах ухаан-нөлөөлөл 2023” уулзалт хэлэлцүүлэг, уламжлалт анагаах ухааны доктор, профессор, эмч нарын үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмнэлзүйн чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан бөгөөд Өмнөговь, Дундговь, Төв, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар, уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Говийн бүсийн хэмжээнд анх удаа болсон уг чуулганд ЭМЯ-наас Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга М.Оюунчимэг оролцож эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, эрхзүйн орчин, уламжлалт анагаах ухааны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд баримталж байгаа бодлого болон өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, уламжлалт анагаах ухааны мэргэжлийн төрийн бус байгууллага, доктор, профессорууд эмнэлгийн мэргэжилтнүүдийн асуултад хариулж, гарсан санал, хүсэлтийн шийдлийг хамтдаа хэлэлцлээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн мэдээллийг иргэдэд түгээх үйл ажиллагаанд мэргэжлийн нийгэмлэг, холбоо, эмнэлгийн мэргэжилтнүүдийн оролцоог хангах, мэдээллийн нэгдсэн агуулга хөтөлбөрийг боловсруулж, зөв мэдээллийг түгээх үйл ажиллагааг эрчимжүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүдийн эрхзүйн орчныг сайжруулах, эмнэлзүйн чиглэлээр чадавхжуулах, зонхилон тохиолдох өвчлөлийг бууруулахад чиглэсэн нотолгоо, судалгааны ажлыг дэмжих чиглэлээр олон бүтээлч санал гарсан байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Уламжлалт анагаах ухааны хөгжил-говийн бүст” анхдугаар чуулганыг зохион байгууллаа  
Үзсэн: 591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй