Шууд Chart

Томуу, томуу төст өвчний тархалт “Идэвхжлийн түвшин”-д байна

2023-12-05 10:17:50

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг бөгөөд одоогийн байдлаар хоёрдугаар түвшин буюу “Идэвхжлийн түвшин”-д байна. Үүсгэгчийн хувьд амьсгалын замын синцитиал вирус, мета-пневмо вирусийн идэвхжил өндөр, өвчлөлийн гол шалтгаан болж байна. Томуугийн А(H3N2) вирус арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт орчилд орсон, идэвхжил бага байна.

"Ковид-19" цар тахлын өмнөх гурван жил (2017-2019 он)-тэй харьцуулахад томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдээгүй боловч идэвхжил 3-4 долоо хоногийн өмнө эхэлсэн" гэж мэдээллээ. 

Томуугийн харуулдан тандалтын мэдээгээр 21 аймаг, найман дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд нийт 8113 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1431 буюу 17.6 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.3 хувиар нэмэгдсэн байна. 

Насны хувьд 15 хүртэлх насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчин өндөр буюу 83.8 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 5-14 хүртэлх насанд 2.7 хувиар нэмэгдэж, 1 хүртэлх насанд 1.8 хувь, 2-4 хүртэлх насанд 1.5 хувиар тус тус буурсан байна.

2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн эмнэлэгт 575 ор дэлгэжээ.

Мөн есөн дүүргийн хэмжээнд хүүхдийн үндсэн ор 815, нэмэлтээр дэлгэсэн 297, нийт 1112 ор байна. Орны ачаалал 95.3 хувьтай байна.

"Одоогоор тасалдсан эм, тариа байхгүй ба эмнэлгүүд 30 хүртэлх хоногийн нөөцтэй байна” гэсэн мэдээллийг ЭМЯ-наас мэдээллээ. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Томуу, томуу төст өвчний тархалт “Идэвхжлийн түвшин”-д байна  
Үзсэн: 367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй