Шууд Chart

Зургаан настнуудад зүрхний эмгэг илрүүлэх үзлэг хийлээ

2023-12-13 12:39:38

Орхон аймгийн Засаг даргын 2023 оны А/656 дугаар захирамжийн дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөггүй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилгоор “Эрүүл Эрдэнэт хүн” төслийг хэрэгжүүлж, тус төслийн хүрээнд аймгийн хэмжээнд зургаан настай хүүхдүүдийг зүрхний эмгэг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрууллаа.

Үзлэгийг Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, “Эрүүл мэнд хөгжлийн зуун” ТББ, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд хамтран амжилттай зохион байгуулж, эцэг эхийнх нь зөвшөөрлөөр 2298 хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг хийлээ.

Энэхүү үйл ажиллагаанд “Эрүүл мэнд хөгжлийн зуун” ТББ-тай хамтран сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 17 эмч сувилагчийг чадавхжуулах сургалт, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран 23 сургуулийн захирал, эмч нарт эрүүл мэндийн мэдээлэл хүргэн, үзлэгт хамруулахаар төлөвлөсөн хүүхдийн 94.6 хувьд нь зүрхний цахилгаан бичлэг хийсэн байна.

Зүрхний цахилгаан бичлэгээр өөрчлөлттэй гарсан 200 хүүхдэд хүүхдийн нарийн мэргэжлийн зүрхний эмч зүрхний ЭХО үзлэг хийж, онош тодруулан нарийн мэргэжлийн эмчийн хяналтад авсан.

Цахилгаан бичлэгээр өөрчлөлт илэрсэн 167 хүүхдийг гуравдугаар шатлалын нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, зөвлөгөө өгч, хяналтад авч, зүрхний эмгэгтэй нэг хүүхдэд Улаанбаатар хотод БНСУ-ын эмч нартай хамтарсан мэс засал хийлээ.

Мөн нэг хүүхдийг ангиографийн шинжилгээнд оруулан онош тодруулсан байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Зургаан настнуудад зүрхний эмгэг илрүүлэх үзлэг хийлээ   
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй