Шууд Chart

Б.Ариунхишиг: Томчууд вирус тээгч болж байгаа тул халдвар хамгааллаа сахиарай

2023-12-15 13:10:16

НЭМГ-аас ирүүлсэн 49 дэх долоо хоногийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 109 423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 9326 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 8.5 хувийг эзэлж байна.

Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2 хувиар ихэссэн, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нийт өвчлөгсдийн 26.4 хувийг 0-1 нас, 30.9 хувийг 2-4 нас, 19.7 хувийг 5-9 нас, 11.4 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна.

Хүүхдийн түргэн тусламжийн 3661 дуудлага ирсний 50.1 хувь нь томуу, томуу төст өвчин байжээ. 

Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед ялангуяа бага насны хүүхдүүдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг өгч байна.

Тэрбээр "Томуу, томуу төст өвчний дэгдэлт аравдугаар сараас тавдугаар сар хүртэл үргэлжилдэг. Энэ үеийг угтаад хүн бүр, ялангуяа бага насны хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй байдаг. Вакцинд хамрагдсан хүүхдүүд улирлын томуугийн ид үед өвчлөх магадлал нь арай бага. Өвдлөө ч хүндрэх эрсдэл бага байдаг.

Томуугийн улиралд юуны өмнө халдвар хамгааллаа хамгийн түрүүнд сахих хэрэгтэй. Манайхан ковидтой холбоотой халдвар хамгааллаа маш сайн мэддэг болсон. Бага насны хүүхэд л гэхэд гадагшаа гарахдаа маскийг ороолт шиг ээ төсөөлдөг болчихсон байсан бол одоо тайвшраад халдвар хамгааллаа баримтлахаа больчихсон.

Уг нь энэ их чухал. Ялангуяа бага насны хүүхдүүдэд томуугийн улирлын үед бүр илүү хэрэгтэй байна. Манай хүүхэд гэртээ байгаа хэрнээ өвдчихлөө гэдэг. Гэтэл энэ нь томчуудын өөрсдийнх нь халдвар хамгаалалтай маш их холбоотой. Том хүмүүс хэр баргийн өвдөхгүй. Бид нарын дархлаа маш сайн байгаа. Гэхдээ бид тээгч болоод явж байдаг. Тийм болохоор гэр орондоо дархлаа султай хүүхдүүддээ ханиад томуу хүргэж өгөөд байдаг л даа. Тиймээс гараа маш сайн угаах хэрэгтэй. Хоолой амаа зайлах хэрэгтэй. Хувцсаа бүрэн солих хэрэгтэй. Тэгээд гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ маш сайн хийх хэрэгтэй. Тэгж байж гэртээ байгаа дархлаа султай хүүхдүүдээ хамгаалж чадна" гэлээ. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Б.Ариунхишиг: Томчууд вирус тээгч болж байгаа тул халдвар хамгааллаа сахиарай  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй