Шууд Chart

УНТЭ: "All in one-дэлгэц"-ээр эрүүл мэндийн боловсрол олгоно

2023-12-26 10:14:34

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо БНСУ-ын "Vainer" компани хамтран амбулаторийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай "All in one-дэлгэц"-тэй компьютер хандивлав.

Хандивын компьютер тоног төхөөрөмжийг өчигдөр хүлээн авлаа. 

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, БНСУ-ын "Vainer" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлээд “Манай эмнэлэг нь амбулаторийн тусламж, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа. Өнөөдөр хандивлаж буй уг дэлгэцийн тусламжтайгаар амбулаториор үйлчлүүлэх иргэдийн сэтгэл ханамж сайжрахаас гадна бид тус дэлгэцээрээ дамжуулан иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох контентуудыг цацах болно” гэсэн юм.

Олон улсад үзлэгийн кабинетийн үүдэнд дэлгэц суурилуулж, түүгээр тасаг, кабинетийн мэдээлэл, үйлчлүүлэгчийн дараалал, эрүүл мэндийн боловсрол олгох контент зэргийг хүргэдэг байна. УНТЭ нь амбулаторийн үзлэгийн 62 өрөөтэй бөгөөд өрөө тус бүрийн үүдэнд ийнхүү "All in one-дэлгэц"-ийг суурилууллаа.

Тус кабинетаар өдөртөө давхардсан тоогоор 3000 гаруй иргэн тусламж, үйлчилгээ авдаг аж. Эмнэлэгт нэн шаардлагатай энэхүү “All in one” дэлгэцийг хандивлах ажлыг зохион байгуулсан Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Г.Баянжаргал "Манай холбоонд 2023 оны зургаадугаар сард ирүүлсэн хүсэлтийн дагуу бид өнөөдөр амбулаторийн үзлэгийн 62 өрөөний үүдэнд байрлах дэлгэцийг хандивлаж байна. Бид уг хүсэлтийг хүлээн авснаас хойш зуны турш хөрөнгө босгох үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд гишүүн болон гишүүн бус байгууллагынхаа дэмжлэгээр БНХАУ-аас тус эмнэлгийн шаардлагад нийцэх тоног төхөөрөмжийг авч хүлээлгэн өгч байна. Цаашид эмнэлгийн үйл ажиллагаанд уг дэлгэцийг ашиглаж, иргэдийн эрүүл мэндэд тусламж үзүүлэх болсондоо баяртай байна” гэж байв. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

УНТЭ: "All in one-дэлгэц"-ээр эрүүл мэндийн боловсрол олгоно  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй