Өчигдөр буюу мягмар гарагт Токио хотын Ханеда нисэх онгоцны буудалд Japan Airlines компанийн зорчигч тээврийн онгоц Японы эргийн хамгаалалтын нисэх онгоцтой мөргөлдсөн хэргийг мөрдөн шалгахад туслах мэргэжилтнүүдийн багийг Европын нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus компани илгээхээр бэлтгэж байна.
Тус компани мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ осолд өртсөн А350 онгоцыг 2021 оны 11 дүгээр сард Japan Airlines компанид хүлээлгэн өгсөн гэдгийг дурджээ. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын /ICAO/ зөвлөмжийн дагуу мэргэжилтнүүдийн багийг илгээж байна гэж Airbus мэдэгдсэн байна.
Нисэх онгоц үйлдвэрлэгч компаниас NHK телевизэд мэдээлснээр, уг шийдвэр нь Японы тээврийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудад техникийн туслалцаа үзүүлэх зорилготой байна. Мөн мягмар гарагт Францын агаарын тээврийн аюулгүй байдлын BEA агентлаг мөрдөн шалгах багаа Япон руу илгээхээр төлөвлөж байгаагаа NHK телевизэд мэдээлсэн байна.
Ослын улмаас хоёр онгоц шатаж, эргийн хамгаалалтын албаны таван албан хаагч амиа алдаж, арилжааны нислэгийн онгоцонд байсан 379 зорчигч ослын гурван гарцаар гарч чаджээ. Зорчигчдын 14 нь гэмтэж бэртсэн эсвэл биеийн байдал нь тааруу байсантай холбоотойгоор эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин Эргийн хамгаалалтын онгоцонд байсан зургаан хүнээс зөвхөн ахмад амьд үлдсэн бөгөөд хүнд бэртжээ.
Ханеда нисэх буудалд гарсан ослыг шалгахад Францын засгийн газар тусална | ||
Үзсэн: 626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.