“Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha)-ийг ЮНЕСКО “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн батламж гардуулах ёслол “Чингис хаан” үндэсний музейд боллоо. Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО н "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” өв багтсан юм. ЮНЕСКО "Дэлхийн дурсамж" хөтөлбөрт бүртгэсэн батламжийг Соёлын дэд сайд М.Батбаяр Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд онцгой үүрэгтэй ажилласан болон цаашид эл дурсгалыг хадгалж хамгаалах, судлах, сурвалжлах, сурталчлах, сэргээн засварлах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн төлөөлөлд гардуулан өгөв. Батламж гардуулах ёслолд Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын Үндэсний музей, “Чингис хаан” үндэсний музей, Архивын Ерөнхий газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, судлаач, дуун хөрвүүлэгч Го.Аким, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар ба Соёл, урлагийн газар, музей, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газар, Нутгийн зөвлөлийн төлөөлөл хүрэлцэн ирж, ЮНЕСКО- “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн батламжийг гардан авлаа. Монгол Улсын Засгийн газраас ирэх 2024 оны Үндэсний бичиг соёлын жил болгон зарлаж, Монгол бичгийн хамгийн эртний дурсгал болох Чингисийн чулууны бичиг нэрээр алдартай Есүнхэ мэргэний гэрэлт хөшөөний 800 жил, Халхын Цогт хунтайжийн хадны бичээсний 400 жилийн ойг тэмдэглэхээр тогтоод байгаа билээ.
Цогт хунтайжийн хадны бичээсийг ЮНЕСКО-д бүртгэн батламж гардуулаа | ||
Үзсэн: 792 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.