Шууд Chart

Хиришима Б.Лхагвасүрэн аварга цолны төлөө барилдана

2024-01-09 16:45:07

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё энэ сарын 14-нд Токио хотод эхэлнэ. 2024 оны анхны башёгоор шинэ аваргатай болж магадгүй гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, 2023 оны арван нэгдүгээр сарын тэмцээнд хоёр дахь түрүүгээ авсан озэки Киришима ёкозүна цолны төлөө барилдах юм.
Түүний хувьд түрүүлэх, эсвэл 13-аас дээш даваа авах даалгавартай. Хэрвээ энэ даалгаврыг биелүүлж чадвал тэр бээр Японы мэргэжлийн сүмогийн 74, Монголоос төрсөн зургаа дахь аварга болох юм.
Түүнчлэн нурууны гэмтлийн улмаас сүүлийн гурван башёд зодоглоогүй Тэрүнофүжи барилдана.
Түүнийг Ёкозүнагийн зөвлөлөөс барилдуулах хүсэлтэй байгаа юм. Гэхдээ тулган шаардаагүй. Гэвч Хацү башёд барилдахгүй бол гуравдугаар сарын тэмцээнд зодог тайлах эсэхээ шийдэх болно шүү гэсэн сануулга өгсөн байдаг.
Отгон аварга өнөөдөр Киришима, Такакэйшо нартай бэлтгэл хийхдээ 13 барилдаж 10-т нь давжээ. Тэр Бээр өчигдөр “Хацү башёд барилдах зорилгоор бэлтгэлээ хийж эхэлсэн. Гэхдээ хүч гаргахаар нуруунд өвчин мэдрэгдэж байна. Жонидан зиндаанд унаад эргэн ирснээсээ хойш би хэзээ ч больсон яах вэ гэдэг сэтгэлээр барилдаж байгаа.
Энэ жил гэмтэл бэртэлгүй өнгөрөөж, түрүүлсэн тоогоо хоёр оронтой тоонд хүргэх зорилго тавиад хичээнэ” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Сонирхуулахад, Хацү башёд зодоглох монгол бөхчүүдээс дөрөв нь макүүчид барилдана. Тодруулбал, 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Киришима Б.Лхагвасүрэн, Хоошёорюү С.Бямбасүрэн, маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил нар зодоглох юм.
Тэгвэл жюүрёод Миторюү Б.Төрболд, Тамашохо Э.Энхманлай, Чёошома Г.Мөнхсайхан, Ошома П.Дэлгэрбаяр, Дайшохо Ч.Шижирбаяр нар барилдахаар банцүкэд бичигджээ. Үүнээс гадна макүүшитад ес, санданмэд хоёр бөх зодоглоно. 

Нийтэлсэн: Т.Урангуа

Хиришима Б.Лхагвасүрэн аварга цолны төлөө барилдана  
Үзсэн: 1658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй