Шууд Chart

“Ардчиллыг дэмжих Уэстминстерийн сан”-гийн төлөөлөлтэй уулзжээ

2024-02-03 13:33:48

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад ажиллах үеэрээ “Ардчиллыг дэмжих Уэстминстерийн сан”-гийн Европ, Төв Азийн хөтөлбөрийн ахлах зохицуулагч Роб Ван Лэувэнтэй уулзлаа. 

Тус сан 1992 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 30 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, тухайн орны хууль тогтоох байгууллагатай хамтран ажилладаг байна. Эхэнд үед парламент ямар үйл ажиллагаа явуулах ёстой вэ гэдэгт чиглэн ажилладаг байсан бол өдгөө парламент дахь ардчиллыг хэрхэн бэхжүүлэх, үүнд парламентын оролцоог хэрхэн уялдуулах вэ гэдэгт анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.

Сангийн Европ, Төв Азийн хөтөлбөрийн хүрээнд европын таван оронд үйл ажиллагаа явуулж буйг Роб Ван Лэувэн дурдаад, тухайлбал Гүрж Улсын парламенттай уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар, Украйны парламенттай хуулийн төсөл боловсруулах, парламентын судалгаа, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр хамтран ажиллаж байна хэмээсэн. Түүнчлэн тус сан Балканы баруун бүсийн орнуудтай залуучуудын цагаачлал, улс төр дэх эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцооны чиглэлээр хамтран ажиллаж байгааг тэмдэглээд, сангийн үйл ажиллагаа парламентын боловсрол, хууль тогтоох үйл явц, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, дижитал систем зэрэг долоон чиглэлд хуваагддагийг онцолсон.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, дэлхийн 30 гаруй улс, бүс нутагт ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Уэстминстерийн сангийн хэтийн зорилго, эрхлэн явуулдаг үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөнд талархаад, хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх явдал бол манай хоёр улсын төдийгүй дэлхий нийтийн нийтлэг үнэт зүйлс. Энэ чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжууд байна хэмээсэн.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтүүд, тэрхүү өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүдийн гишүүдийн тоог нэмэгдүүлж 126 болгон, парламентын төлөөлөх чадварыг нэмэгдүүлсэн талаар, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор бий болгосон D-Parliament цахим платформын тухай, Монгол Улсын парламент 2023 оны 11 дүгээр сард Олон Улсын Парламентын Холбооны дэмжлэгтэйгээр Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг анх удаа зохион байгуулсан талаар мэдээлэл өгч энэ үнэлгээний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ч тус сантай хамтран ажиллах боломжууд байгааг дурдсан.

Уулзалтын үеэр Монгол Улсад хоёр удаа зохион байгуулагдсан Зөвлөлдөх санал асуулга, Үндсэн хуулийн өөрчлөлт, 126 гишүүнтэй болж өргөжих шинэ парламентыг хүлээн авах бэлтгэл болон бусад асуудлаар санал солилцсон гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


“Ардчиллыг дэмжих Уэстминстерийн сан”-гийн төлөөлөлтэй уулзжээ   
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй