Хойд Атлантын Гэрээний байгууллага НАТО-гийн батлан хамгаалахын сайд нарын уулзалт Брюссель хотноо болж өндөрлөлөө. Украиныг Оростой хийж байгаа дайнд ялах хүртэл дэмжлэг үзүүлэх үүнд холбоотон түншүүдийн үүрэг амлалт чухал, мөн НАТО-гийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад гишүүн улс орон бүрийн үүрэг оролцоо ямар байх вэ гэдгийг голлон хэлэлцлээ. Уулзалтын дүнд НАТО-гийн гишүүн улсуудаас Европ тивийн голдуу 18 улс ДНБ-ийхээ 2 хувьтай тэнцэх хэмжээний төсвийг батлан хамгаалах салбарт зарцуулах, холбоотнууд Украинд нэг сая нисгэгчгүй онгоц нийлүүлэх, 20 улс нэгдээд Украины нутагт мина устгах эвсэл байгуулахаар тохиролцсон байна.
НАТО-гийн батлан хамгаалах төсөвт оруулдаг гишүүн орнуудын төсвийн хувь хэмжээ олон жил маргаантай, Трампын үед АНУ-аас шүүмжлэл, шаардлагатай тулгарч байсан. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч асан Трамп батлан хамгаалах салбарт хангалттай хөрөнгө зардаггүй улс орнуудыг АНУ хамгаалахгүй гэж мэдэгдсэн нь НАТО-гийн улс орнуудын анхаарлыг мөн татаж байгаа. Энэ онд Европ тив дэх НАТО-гийн 18 гишүүн орон ДНБ-ийхээ хоёр хувийг буюу 380 тэрбум ам.долларын төсөв гаргана гэж найдаж байна, энэ бол 2014 онд гуравхан гишүүн орон ДНБ-ийхээ 2 хувийг НАТО-гийн батлан хамгаалахад зарцуулж байсантай харьцуулахад зургаа дахин өссөн үзүүлэлт болно гэж НАТО-гийн тэргүүн мэдэгдлээ. 2014 онд НАТО-гийн нөмөр нөөлөг дор аюулгүй байдлаа хангахад ДНБ-ийхээ 2 хувьтай тэнцэх хэмжээний төсөв гаргана гэж гишүүн улсууд нь амлалт өгч байсан ч өнгөрсөн он хүртэл энэ амлалт төдийлөн сайн хангагдаагүй байсан, гишүүн улсуудынхаа аюулгүй байдлыг нэгдмэл бодлогоор хангах зорилготой НАТО 31 гишүүнтэй. 2023 онд НАТО-гийн гишүүн улсууд төсвөө тодорхой хувиар ерөнхийдөө жигд нэмэгдүүлжээ. Гэхдээ яг шаардаж байгаа 2 хувийг давуулан биелүүлсэн орнуудыг Польш 3,9 хувь, АНУ 3,5 хувийг Грек улс 3 хувиар тэргүүлжээ. Тэдний араас Эстони 2,7, Литва 2,5, Финланд 2,4 хувиар тус тус удаалжээ.
Энэ онд Герман улс батлан хамгаалахын зардалд 71,8 тэрбум евро хуваарилж, хоёр хувийн зорилтоо анх удаа биелүүлэхээр төлөвлөсөн. 2014 онд Европ дахь гишүүн улсууд болон Канад улс ДНБ-ийхээ 2 хувьд хүргэх зорилт тавьснаас хойш НАТО-гийн батлан хамгаалах зардлаа 600 орчим тэрбум доллароор нэмэгдүүлжээ. Украиныг дэмжих асуудлын хувьд АНУ болон НАТО-гийн бусад гишүүн улсуудын дунд санал зөрөлдөөнтэй байна. Гэхдээ НАТО-гийн гишүүн улсууд Украинд дэмжлэг үзүүлэх зорилгоор сумны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр хэлэлцжээ. НАТО-гийн тэргүүн ч Украинд үзүүлэх цэргийн тусламжийн тухай хуулийг батлахыг АНУ-ын төлөөлөгчдийн танхим хандаж уриалсан байна. АНУ Украинд үзүүлэх цэргийн тусламжаа хойшлуулах нь тус улсад үзүүлэх дэмжлэгт сөргөөр нөлөөлж байна, үүнийг Канад болон Европын улсуудын дэмжлэгээр орлуулах боломжтой гэж НАТО-гийн ЕНБД мэдэгдэж байна. Орос-Украины хооронд дайн эхэлснээс хойш АНУ Украинд 75 тэрбум орчим ам.долларын цэрэг, санхүү, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн бол НАТО-гийн бусад гишүүн орнууд болон түншүүд 100 гаруй тэрбум долларын тусламж үзүүлжээ.
НАТО-гийн гишүүн улсуудаас 18 нь ДНБ-ийхээ хоёр хувийг батлан хамгаалах салбарт зарцуулна | ||
Үзсэн: 1058 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.