Шууд Chart

СЕХ: Гадаадад байгаа иргэд санал өгөхөө дипломат төлөөлөгчийн газартаа мэдэгдэнэ

2024-02-29 13:53:25

УИХ-ын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал авахаар тогтоосон.

Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээр энэ оны байдлаар дэлхийн 172 улсад 141 мянга гаруй монгол иргэн оршин сууж байгаа аж. Тэдгээр иргэн санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө буюу энэ оны 6 дугаар сарын 15-аас өмнө сонгуульд оролцохоо өөрийн оршин байгаа улсын Дипломат төлөөлөгчийн газар (манай улсын Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар)-т мэдэгдэж, бүртгүүлэх ёстой. Улмаар санал авахаар товлосон өдрийн 07.00-22.00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд саналаа өгөх юм.

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг төв болон салбар комисс зохион байгуулж ажилладаг.

Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан төв комиссыг, төв комисс нь салбар комиссыг Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулахаар хуульчилсан.

Цаг хугацааны хуваариар Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө Гадаад харилцааны яамны саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон ес, эсхүл арван нэгэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Мөн төв комисс 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс өмнө салбар комиссыг дарга болон хоёр, эсхүл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулах юм.

Манай улс УИХ-ын 2012 оны сонгуулиас эхлэн гадаад улсад суугаа иргэдийнхээ саналыг авсан туршлагатай. Тухайлбал, УИХ-ын 2012 оны сонгуульд 39 салбар комисст 4276 сонгогчийн нэр бүртгэгдсэнээс 65 хувь нь саналаа өгчээ. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар 45 салбар комисст 7400 шахам сонгогч бүртгүүлснээс 75.3 хувийн ирцтэйгээр саналаа өгсөн тоон баримт байна.

Эх сурвалж: СЕХ


СЕХ: Гадаадад байгаа иргэд санал өгөхөө дипломат төлөөлөгчийн газартаа мэдэгдэнэ  
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй