Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын хүрээнд “UNCCD болон UNFCCC-ийн уялдаа холбоог хангахад иргэний нийгмийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг: Монгол Улс болон олон улсын туршлага” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын болон олон улсын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, малчид, уугуул иргэд оролцож, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг хэрхэн уялдуулах, энэ үйл явцад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир Монгол Улс Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц болон Биологийн олон янз байдлын тухай конвенцын хүрээнд тодорхой үүрэг, амлалт хүлээсэн ч эдгээр нь өөр өөр үйл явц, шалгуур үзүүлэлтээр хэрэгждэгийг онцоллоо.

Тэрбээр эдгээр үүрэг, амлалтыг үндэсний бодлого, хөтөлбөрт тусган, тус тусад нь бус нэгдсэн, уялдаатай байдлаар хэрэгжүүлэх чиглэл баримталж буйг хэлэв.
Мөн газар болон уур амьсгалын бодлогын уялдаа зөвхөн төрийн байгууллагын хүрээнд бус, олон талын түншлэлд тулгуурлах шаардлагатайг тэмдэглэлээ. Иргэний нийгмийн байгууллагууд орон нутгийн иргэдийн мэдлэг, туршлага, байр суурийг бодлого боловсруулах түвшинд хүргэх чухал үүрэгтэй бол Засгийн газар бодлого, зохицуулалтын орчныг бүрдүүлэх үүрэгтэй гэв.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас танилцуулж буй “Тал хээрийн төлөвлөгөө” нь төр, иргэний нийгэм, орон нутгийн иргэд болон бусад оролцогчийг нэгтгэх талбар болохыг дэд сайд онцолсон юм.
Түүнчлэн төрийн байгууллагуудын хоорондын уялдааг сайжруулж, институцийн болон эрх зүйн саад бэрхшээлийг бууруулахад “Чөлөөлье” үндэсний хөдөлгөөн чухал ач холбогдолтойг дурдав. Тус хөдөлгөөний хүрээнд ногоон шилжилт, сайн засаглалын чиглэлээр шинэчлэл хийхээр зорьж буй аж.

Б.Мөнхтамир төр, иргэний нийгмийн түншлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд итгэлцэл, нээлттэй байдал, харилцан нөхөх чадвар болон тасралтгүй хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо.
Тэрбээр иргэний нийгмийн байгууллагууд шүүмжлэлтэй санал, зөвлөмжөө чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх ёстойг тэмдэглээд, төр болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа зөвхөн COP17-ын үеэр хязгаарлагдах бус, бодлогын хэрэгжилтийн үе шатанд ч тасралтгүй үргэлжлэх шаардлагатай гэв.
| COP17: Газар, уур амьсгалын бодлогын уялдааг хангахад иргэний нийгмийн оролцоог онцлов | ||
| Үзсэн: 60 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.