Шууд Chart

COP17: Монгол Улс, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа

2026-08-20 14:30:33

Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулах хэлэлцээр байгууллаа.

Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийг төлөөлж Азийн бүсийн үүрэг гүйцэтгэгч доктор Жэйсон Ли нар гарын үсэг зуржээ.

Монгол Улс 2013 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын гишүүнээр элсэж, 2014 оноос тус байгууллага Монгол Улсад Хөтөлбөрийн газраа ажиллуулж эхэлсэн. Үүнээс хойш ногоон эдийн засгийн шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, ногоон санхүүжилт, тогтвортой хот байгуулалт, байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлж иржээ.

Өнгөрсөн хугацаанд Даян дэлхийн ногоон хөгжлийн институт Монгол Улсад хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд 375 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

Мөн Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр, Эрчим хүчний салбарын ногоон хөгжлийн стратеги, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулахад техникийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлжээ.

Түүнчлэн эрчим хүч, ногоон санхүүжилт, тогтвортой хот байгуулалтын чиглэлээр 20 гаруй суурь судалгаа, үнэлгээ хийж, жишиг ногоон цэцэрлэг, Сайншандын нарны дулааны станц, орон сууцны дулаан техникийн шинэчлэл, Монголын Ногоон санхүүгийн корпораци зэрэг төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад оролцсон байна.

Шинээр байгуулсан хэлэлцээр нь Монгол Улс, Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын хамтын ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлээр олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, ногоон шилжилтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагаа, уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтыг татах институцийн чадавхаа бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Тэрбээр энэхүү хэлэлцээрийг Монгол Улсын ногоон шилжилтийг дэмжих, олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой алхам гэж тодорхойлов.

Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын Азийн бүсийн үүрэг гүйцэтгэгч доктор Жэйсон Ли хэлэлцээр нь хоёр талын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн цар хүрээг өргөжүүлэх, олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болно гэдгийг онцолжээ.

Тус хэлэлцээр нь Монгол Улсын Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль болон ногоон шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай олон улсын техникийн болон санхүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлэн татах суурь болох юм.

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP17: Монгол Улс, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй