Шууд Chart

Дэлхийд 60 гаруй төрөл зүйлийн нисдэг загас бүртгэгджээ

2024-03-18 12:53:53

Байгаль дэлхийд онцгой сонин олон зүйлийн амьтад байдаг. Ялангуяа далай тэнгисийн нууцлаг амьдралд одоо ч нууцлаг хэвээр буй олон гайхамшигтай амьтад бий. Тэдний нэг нь нисдэг загас юм. Магадгүй та шувуу шиг тэнгэрт нисэх загас хэмээн төсөөлж байгаа байх.

Эрдэмтэд нисдэг загасны анатоми, гарал үүслийн талаар олон судалгаа, нээлт хийсэн байдаг. Хамгийн эртний нисдэг загас ойролцоогоор 230-240 сая жилийн өмнө үүссэн бөгөөд хэдийн устаж үгүй болсон. Харин одоогийн нисдэг загасны төрлүүд 50 гаруй сая жилийн өмнө тусдаа бие даан үүссэн гэж үздэг. Одоогийн мэдэгдэж буйгаар 60 гаруй төрөл зүйлийн нисдэг загас дэлхийн улс орнуудад бүртгэгдсэн байна.

Биеийн бүтцийн хувьд энгийн загасыг бодвол илүү урт сэрвээтэй, цээжний сэлүүр нь том хэмжээтэй байдаг. Энэ нь далавч болгон ашиглах, уснаас үсрэх, махчин амьтдаас зугтахад нь тусалдаг байна. Иймээс ч загасны бусад төрөл зүйлийг бодвол илүү урт удаан хугацаанд амьдрах чадвартай байж болох юм.

Тэд төрөл зүйлээсээ үл хамааран ихэнх нь маш жижиг биетэй буюу дунджаар 15-30 см урттай, 200 гм жинтэй байдаг. Хамгийн том нисдэг загас 50 см урттай, 1 кг хүрэхгүй жинтэй олдсон байна. Нисэх чадварых нь гол нууц болох ер бусын сэрвээнийхээ ачаар усны гадаргуугаас 6 метр өндөрт 50-100 метр зайг 45 секундийн хугацаанд туулсан талаар тэмдэглэсэн байна. Мөн усны давалгааг ашиглан хамгийн уртдаа 400 метр хол зайд тасралтгүй нисч чаддаг.

Шувуунаас ялгаатай нь нисдэг загаснууд агаарт байхдаа нислэгийн чиглэлээ өөрчилж чаддаггүй. Тиймээс ч нисч явахдаа хүний гарт шууд орох болон завин дээр үсэрч унадаг аж.

Нисдэг загаснууд Атлантын далай, Карибын тэнгис, Номхон далай, Энэтхэгийн далай зэрэг томоохон далай тэнгисүүдээс олддог боловч халуун орны усанд илүү тархсан байдаг ба +16 хэмээс доош хүйтэн, сэрүүн усанд амьдарч чадахгүй, ихэвчлэн +20 хэмийн дулаантай усанд амьдардаг.

Нисдэг загаснуудын төрөл зүйлүүд гагцхүү сэрвээний бүтцээрээ л ялгаатай. Сэрвээ нь биеийн бараг ихэнх хэгсийг эзэлдэг, маш өргөн болж сунгагдах ба хүндийн хүчний төвийн ойролцоо дээд хэсэгт байрладаг тул нисэх үеийн тэнцвэр олоход нь тусладаг. Тухайлбал,

Диптера/Diptera/ нисдэг загасны төрөл нь хоёр сэрвээтэй. Diptera нисдэг загасны төлөөлөгч нь Exocoetus Volitans юм. Цилиндр хэлбэртэй биетэй, ойролцоогоор 20 см урттай, хар хөх өнгөтэй. Цээжний хоёр том сэрвээ нь уснаас өндөр хурдтай гарах боломжийг олгодог.

Дөрвөн далавчит Exocoetidae. Нисдэг загаснууд дундаа хамгийн хурдан бөгөөд хол зайд нисч чаддаг дөрвөн далавчтай загас бөгөөд 4 төрөл, 50 гаруй зүйлтэй. Богино цээжний сэрвээтэй нисдэг загас байна.


Дэлхийд 60 гаруй төрөл зүйлийн нисдэг загас бүртгэгджээ  
Үзсэн: 3234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй