Шууд Chart

Н.Золжаргал: Шаардлагатай үед юанийг төгрөгөөр сольж авна

2014-08-22 16:27:46

Дэлхийн банк хоорондын санхүүгийн цахилгаан холбооны (SWIFT) нийгэмлэгээс гаргасан судалгаагаар БНХАУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт юань нь дэлхийн идэвхитэй арилжаалагддаг валютуудын долоодугаарт эрэмбэлэгдсэн байна. Худалдааны санхүүжилтийн хувьд долларын дараа ашиглагддаг гол валютад тооцогджээ. БНХАУ манай улсын худалдааны гол түнш. Тэр ч утгаараа, тус улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг манай улс гадаад худалдаандаа түлхүү ашигладаг. Манай улсын хувьд юань нь долларын дараа орох хоёр дахь гол валютад тооцогдож байна.

Тиймээс Монголбанк 2011 оны тавдугаар сарын 6-нд БНХАУ-ын ардын банктай төгрөг, юань солилцох гурван жилийн хугацаатай своп хэлцэл байгуулж байлаа. Анхны гэрээгээр Хятадын төвбанкнаас 5 тэрбум юань авч, оронд нь түүнтэй тэнцэх 1 их наяд төгрөгийг нийлүүлэхээр тохиролцсон ч, 2012 оны гуравдугаар сарын 20-нд энэ гэрээнд өөрчлөлт оруулсан юм. Үүгээр хугацааг хэвээр үлдээсэн ч, солилцох үндэсний валютын хэмжээг нэмэгдүүлсэн гэхэд болно. Тодруулбал, Хятадын ардын банкнаас авах юанийн хэмжээг 10 тэрбумд хүргэж, төвбанкнаас нийлүүлэх төгрөгийг 2 их наядад хүргэсэн юм.

Ийм нөхцөл бүхий своп хэлцлийн хугацаа өнгөрсөн хавар дуусгавар болсонтой холбоотойгоор 2014 тавдугаар сарын 14-нд Монголбанк болон  Хятадын ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг сунгажээ. Тэгвэл БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад хоёр өдрийн айлчлал хийх үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын ардын банкны ерөнхийлөгч Жоу Шиао Чуан нар “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юаниас 15 тэрбум юаньд хүргэж, шинээр гэрээнд гарын үсэг зурлаа.

Ингэснээр 2011 оны тавдугаар сарын зургаанд үзэглэж, 2014 тавдугаар сарын 14-нд сунгасан өмнөх гэрээ хүчингүй болж байна. Шинэ гэрээ үзэглэсэн өдрөөсөө буюу 2014 оны наймдугаар сарын 21-нээс хэрэгжиж эхэлсэн байна. Гурван жилийн хугацаатай энэ гэрээний талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н. Золжаргал: “Шаардлагатай үед юанийг төгрөгөөр сольж авах бололцоог нээж өглөө. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл заавал зарцуулах шаардлагагүй. Хүндрэлтэй үед үүнийг хэрэглэнэ” гэсэн тайлбар өгсөн юм.

Нийтэлсэн: А.Энхтуул

Н.Золжаргал: Шаардлагатай үед юанийг төгрөгөөр сольж авна  
Үзсэн: 3997 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-23 05:54
Ug n bol hundrelees garch ydah ymgui. Ard irgeddee urialj altan batalgaagaa nemegduulj yagaad bolohgui gej. Mongolchuud tsagtaa tulahad tiim ch teneg bish. ulsdaa baigaa zuilee haramgui l tuslah baih
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-08-22 16:53
Юаний ханш тогтвортой байх нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Юанийг 200 төгрөгт аваачаад л барьчих хэрэгтэй. Тэгж чадвал ч монгол банкаа магтаад байхаас яахавээ

Бидэнтэй нэгдээрэй